ХОВД аймаг эрчим хүчний хараат бус болох зорилт дэвшүүлжээ

оруулсан Алсын Хараа

“Invest Khovd” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт өнөөдөр Ховд аймагт эхэлж байна. Уулзалтын хүрээнд Ховд хот ба барилгын салбарын хөрөнгө оруулалт, Баруун бүсийн хөгжлийн боломж, тээвэр логистик, цахим шилжилт, баруун бүсийн аялал жуулчлал ба хөрөнгө оруулалт, эрчим хүчний салбар ба сэргээгдэх эрчим хүч, боловсон хүчин гэх мэт сэдвээр салбар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын чухал зорилтын нэг нь эрчим хүчний сэргэлт. Эрчим хүчний сэргэлтийг хэрэгжүүлснээр манай улс эрчим хүчний хараат бус байдлаас гарах юм. Ховд аймаг нь хоёр хөршөөсөө эрчим хүч өндөр үнэтэйгээр импортолж авдаг бөгөөд үүнээс улбаалж эрчим хүчний хараат байдалд орох, засвараас шалтгаалан тасалдал үүсэх зэрэг эрсдэл бий болдог.

Цаашид тус аймаг нь эрчим хүчний хараат бус болох зорилт тавин ажиллаж байна. Үүнийгээ “Invest Khovd” форумын үеэр хэлэлцэж байгаагаараа онцлогтой. Мөн Баруун бүсийн тулгуур  Ховд аймгийн хөгжил дэвшилд чухал түлхэц болох Эко аялал жуулчлал, Үйлдвэр технологийн паркийг түшиглэн хөгжүүлэхээр зорьж буй бодлого үйл ажиллагааг оролцогчдод танилцуулж байна. Ховд аймагт хөрөнгө оруулалт хийж, бизнес эрхлэхээр зорьж буй хөрөнгө оруулагчид бүс нутгийн эдийн засаг, дэд бүтэц, зах зээлийн эрэлтэд түшиглэн хамтран ажиллаж, цар хүрээгээ тэлэхийг тус аймгийн удирдлагууд өнөөдөр чуулга уулзалтын нээлтийн үеэр уриаллаа.

Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт үргэлжилж байна. “Unplug Khovd” буюу Шинэ үеийн манлайлагчдын цугларалт, “Hack for Khovd” шийдэл эрэлхийлэх хакатон, “Khovd EXPO” Ховдод үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаа, Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн VIP уулзалтуудыг  тусгай хуваарийн дагуу зохион байгуулах юм. Онцлоход, "Unplug khovd" үйл ажиллагаа нь шинэ үеийн манлайлагчдыг нэг дор нэгтгэж, утга учиртай хэлэлцүүлэг өрнүүлэх замаар залуу мэргэжилтнүүдэд мэдлэг мэдээлэл, урам зориг түгээх зорилготой.

Сэтгэгдэл бичих