Н.Учрал: Хүүхдийн мөнгө авах боломжтой эсэхийг шалгах үйлчилгээг E-mongolia-д оруулсан

оруулсан Алсын Хараа

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хүүхдийн мөнгийг олгох хүрээнд салбарын яамнаас хийж буй ажлынхаа талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийв.

Тэрбээр "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем бол E-mongolia. Төрийн үйлчилгээний үндсэн систем бол ХУР систем. ХУР системтэй дэмжих системүүд нь холбогдож мэдээллээ татан, улмаар E-mongolia-гаар дамжуулж иргэдэд зохих мэдээллийг хүргэж буй. 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хүүхдийн мөнгө авах боломжтой эсэх үйлчилгээг E-mongolia системд холбож оруулсан. Хүүхдийн мөнгө авах эрх нь үүссэн иргэдэд мэдээллийг нь мессежээр хүргүүлсэн.

Иргэд E-mongolia системээр дамжуулан хүүхдийн мөнгө авах боломжтой эсэхээ шалгаж байна. Энэ сарын 16-ны өдрийн 22 цагийн үед иргэд олноороо тус систем рүү хандсан нь энгийн үеэс 15-20 дахин нэмэгдсэн үзүүлэлт болсон. Ачааллыг 10 дахин нэмэгдүүлэхэд сервер унахгүй байхаар тохируулсан ч 20 дахин нэмэгдсэнээр хэт ачааллаас болж сервер доголдсон. Тиймээс өнгөрсөн өдрүүдэд нэмэлт тоног төхөөрөмж байрлуулж, E-mongolia системийг хэвийн үйл ажиллагаанд орууллаа" гэсэн мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл бичих