Японы төв банкны шийдвэртэй холбоотойгоор ам.доллартой харьцах иенийн ханш унажээ

оруулсан Алсын Хараа

/TASS/. Японы Төв банкны /The Bank of Japan/ удирдлагууд өнөөдрийн хуралдаанаараа өмнөх санхүүгийн бодлогыг хэвээр үргэлжлүүлэх, урт хугацааны зээлийн хүүг өсгөхгүй байх шийдвэр гаргасны дараа иенийн ханш унасан байна.

Тус улсын цагаар 12:00 цагийн байдлаар нэг ам.доллар 130.6 иентэй тэнцсэн нь нэг өдрийн өмнөхөөс бараг 2 иенээр өссөн үзүүлэлт бөгөөд энэ нь нэгдүгээр сарын 12-ноос хойших хамгийн доод түвшин юм.

Японы Төв банкны удирдлагууд хоёр өдөр үргэлжилсэн хуралдаанаараа урт хугацааны үндсэн зээлийн хүүгийн дээд хязгаарыг 0.5 хувийн түвшинд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Хурлаас баталсан таамаглалаас үзэхэд, 2023 оны гуравдугаар сарын 31-нд дуусах 2022 оны санхүүгийн жилд тус улсын хэрэглээний үнэ өнгөрсөн оныхоос 3 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.  Харин 2024 оны санхүүгийн жилд 1.8 хувиар өснө гэж таамаглажээ.

Японы Төв банкны баримталж буй санхүүгийн харьцангуй зөөлөн бодлого нь инфляцтай тэмцэх үүднээс маш өндөр зээлийн хүү тогтоож байгаа АНУ, Европын Холбооны бодлогоос эрс ялгаатай тул ам.доллар, еврогоор илэрхийлэгдэх хөрөнгөд хийх хөрөнгө оруулалтыг илүү ашигтай болгож, иенийн ханшийг унагах гол хүчин зүйл болж байгаа юм.

Сэтгэгдэл бичих