Хүүхдийн мөнгөний асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулиар E-mongolia систем нь төрийн мэдээлэл солилцооны үндсэн систем. Үүнийг дагалдуулан салбар бүрд ашиглаж буй e-gazar, e-halamj зэрэг систем нь дагнасан системийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ДАН систем нь иргэнийг таньж мэддэг.
Төр иргэний зөвшөөрөлгүйгээр өөрт байгаа мэдээллийг ашиглахгүй гэдэг том зарчмыг барьж ажилладаг.
Хүүхдийн мөнгөний асуудал дээр бол Монгол Улсын Засгийн газар анх удаа төрд байгаа мэдээллүүддээ суурилан тооцоолол хийж, тодорхой гаргасан томьёоллын тусламжтайгаар холбогдох мэдээлэл хариуцаж буй байгууллагуудын мэдээлэлд суурилан иргэдэд мэдэгдэл хүргүүлж байгаа хэрэг.
Засгийн газраас анх удаа авч хэрэгжүүлэхэд мэдээллийн зөрүүтэй байдал бидэнд том саад учруулж, ард иргэдийг бухимдуулсанд хүлцэл өчиж байна.
ҮСХ дахь Өрхийн мэдээллийн сан нь хаяг дээр суурилдаг. Тиймээс тухайн хаяг дээрх өмнөх хүмүүсийн мэдээлэл нь давхардаж бүртгэгдсэн асуудал гарч ирсэнд иргэд шүүмжлэлтэй байгаа.
E-Mongolia ч бай, e-halamj дээр ч бай хүн ажиллаж мэдээлэл боловсруулаагүй. Автоматаар төрд байгаа иргэдийн статистик мэдээлэл дээр суурилан хүрч байгаа.
Бид өнгөрсөн хугацаанд системийн интеграцыг сайжруулъя гэх асуудлыг олон удаа ярьж, ажил хэрэг болгож байна. Өнөөдөр таван хаягтай байгаа асуудал нь мэдээлэл солилцооны асуудал. Төр өөрт байгаа мэдээллээ хоорондоо солилцож чадахгүй байна. Мэдээллийн сангууд нь хоорондоо зөрүүтэй байгаа байдлаас болж буй тул Засгийн газрын зүгээс цаашид мэдээллийн интеграцад анхаарал хандуулж байгаа.
Төрийн цахим үйлчилгээний 90 гаруй хувийг хадгалж байгаа Үндэсний дата төвийн серверийг "cloud" үйлчилгээ үзүүлдэг болгох ажил явагдаж байна. Үндэсний дата төвийн техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж байна" гэв.
E-Mongolia дээр ердийн үеийн ажлын өдөр нэг агшинд 17 мянга орчим хандалт байдаг. Өчигдөр оргил цагт буюу 22:00 цагт нэг агшинд 300 мянга орчим хандалт орж иржээ.
Энэ нь систем удаашрах, гацах шалтгаан болсон тул тэрбээр олон нийтээс уучлалт гуйлаа.
ЦХХХЯ-наас Үндэсний дата төв, И-Монгол Академи шуурхай арга хэмжээ авч ачаалал тэнцвэржүүлэлтийг хийснээр хэвийн горимд ажиллаж эхэлжээ.