Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2022 оны урьдчилсан гүйцэтгэлийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Mөнгөний нийлүүлэлт 2022 оны арванхоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 29.7 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.8 (6.4%) их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт бөгөөд үүнд,
- Валютын харилцах 2.6 (2.1 дахин) их наяд төгрөгөөр
- Валютын хадгаламж 936.9 (23.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Түүнчлэн гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 96.1 тэрбум төгрөгөөр буюу 9.7% өсөж, өмнөх оны мөн үеэс 16.3 тэрбум төгрөгөөр буюу 1.5%-аар буурчээ.
Гадаад цэвэр актив 2.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 1.8 (3.5 дахин) их наяд төгрөгөөр өссөн байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эцэст төгрөгийн хадгаламж 12.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.4 их наяд төгрөгөөр буурсан бол валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болж, 936.9 тэрбум төгрөгөөр өсжээ.
Түүнчлэн банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өнгөрсөн оны эцэст хоёр их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 54.3 тэрбум төгрөгөөр буурчээ. Өөрөөр хэлбэл, чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.1 хувийг эзэлж байна.