Швейцарын Давос хотод эхэлж буй Дэлхийн Эдийн Засгийн Чуулгантай зэрэгцэн Oxfam байгууллага баялгийн тэгш бус хуваарилалтыг харуулдаг “Survival of the Richest” судалгааны тайлангаа өчигдөр танилцуулжээ.
Уг судалгаанд өгүүлснээр 2020 оноос хойш бий болсон $42 их наядын баялгийн гуравны хоёр орчим нь дэлхийн хүн амын хамгийн баян нэг хувьд хуваарилагдсан байна.
Дэлхийн тэрбумтнуудын хөрөнгийн хэмжээ өдөрт $2.7 тэрбумаар өсөж байхад инфляцад дарлагдсан улс орнуудад 1.7 тэрбум хүн цалин орлогоороо амьдрах гэж тэмцэж буйг бас судалгаа харуулжээ.
Өөр нэг сонирхолтой баримт нь дэлхийн тэрбумтнуудын тал нь өв залгамжлалын татваргүй улс орнуудад амьдарч байна.
Тэдгээрийн шууд залгамжлагчдадаа өвлүүлэх хөрөнгийн нийт хэмжээ $5 их наяд байгаа нь бүхэл бүтэн Африк тивийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс давжээ.
Oxfam-ийн дүгнэлтээр дэлхийн тэрбумтнууд, саятнуудаас 5 хувийн хөрөнгийн татвар авахад л жилд $1.7 их наядын орлого бүрдэх ба үүгээр 2 тэрбум хүнийг ядуурлаас гаргах боломжтой гэнэ.
“Хүн төрөлхтний нэг хувь нь бусад 99 хувиасаа хоёр дахин их баялаг эзэмшиж байгаа нь шившигтэй хэрэг юм. Сүүлийн арван жилийн турш энэ харьцаа 50:50 хувь байлаа. Хямралын цаг үед дээрх харьцаа алдагдаж, тэнцвэргүй байдал гүнзгийрснийг бид харж байна” гэж Oxfam байгууллагын гүйцэтгэх захирал Габриела Бачер ярьжээ.
Тэрбээр цааш нь ярихдаа “Бид дэлхийн улс орнуудад, тухайлбал Нигери, Энэтхэг зэрэг орнуудад баячуудаас хөрөнгийн татвар авдаг болохыг уриалж байна. Ингэвэл тухайн улсуудын төсөв нэмэгдэж, нийтийн эрүүл мэнд, боловсрол зэрэг асуудалд хөрөнгө оруулах боломжтой болох юм” гэсэн байна.
Жил бүр Давос хотод дэлхийн улс төр, бизнесийн удирдагчид чуулж, хүн төрөлхтний санааг зовоож буй эмзэг асуудлуудыг хэлэлцдэг.
Энэ долоо хоногийн Даваагаас Баасан гарагт үргэлжлэх чуулганд дэлхийн 52 улсын төрийн тэргүүн, бизнесийн салбарын 600 орчим гүйцэтгэх захирал оролцох юм.
Эх сурвалж: Aljazeera