Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2022 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна.
Нийгмийн даатгалын сангийн орлого 2022 оны эцэст 3,529.9 тэрбум төгрөг болсныг Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээлжээ. Энэ нь өмнөх оноос 783.2 тэрбум төгрөгөөр буюу 28.5%-аар өссөн үзүүлэлт аж. Орлого ийнхүү өсөхөд,
- Тэтгэврийн даатгалын сангийн орлого 675.8 (28.7%) тэрбум төгрөгөөр
- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 79.1 (62.3%) тэрбум төгрөгөөр өссөн нь тус тус нөлөөлснийг мэдээлэв.
Тус сангийн зарлага өнгөрсөн онд 3,438.6 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 872.5 тэрбум төгрөгөөр буюу 34% өсжээ.
Ийнхүү өсөхөд,
- Тэтгэврийн даатгалын сангийн зарлага 835.3 (36.3%) тэрбум төгрөгөөр
- Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 22.8 (39.5%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн аж.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 63 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 15 хувиар тус тус нэмэгдүүлсэн.
Ингэхдээ Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 500,000 төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400,000 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон нь нийгмийн даатгалын сангийн зарлагын өсөлтөд нөлөө үзүүлснийг нэмж хэллээ.