DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нар Цагаан ордонд өнгөрсөн баасан гарагт дээд хэмжээний уулзалт хийсэн юм. Уулзалтын үеэр Ж.Байден Япон батлан хамгаалах зардлаа түүхэн дээд түвшинд хүргэн нэмэгдүүлснийг сайшаасан байна. Токиогийн засаг захиргаа Хятад, Орос болон цөмийн зэвсэгтэй БНАСАУ-аас учирч болзошгүй аюул занал нэмэгдэж байгаатай холбогдуулан цэргийн зардлыг хоёр нэмэгдүүлэхээр болоод байгаа юм.
Ж.Байден Японыг Зүүн ази дахь Вашингтоны хүчирхэг холбоотон хэмээн тодорхойлоод, АНУ, Японы эвслийн үүрэг амлалтыг дахин нотолсон байна. Тэрбээр К.Фүмиогийн айлчлалыг хоёр орны харилцааны “гайхалтай мөч” гэж нэрлэжээ. Мөн хоёр орон аюулгүй байдал, эдийн засгийн асуудлуудыг зохицуулах чиглэлд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахын ач холбогдлыг цохон тэмдэглэсэн байна.
К.Фүмиогийн хувьд, хоёр орон өдгөө аюулгүй байдлын хамгийн төвөгтэй орчин нөхцөлтэй тулгараад байгааг онцолжээ. Тэрбээр мөн Зүүн Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлд Вашингтоны гаргаж буй хүчин чармайлтад талархал илэрхийлсэн байна.
Японы Ерөнхий сайд 2021 оны 10 дугаар сард албан тушаалдаа орсноосоо хойш Вашингтонд анх удаагаа айлчилж буй нь энэ юм. Энэ онд “Долоогийн бүлэг”-ийг даргалж байгаа Японы удирдагч тус бүлгийн орнуудад хийж буй айлчлалаа АНУ-д өндөрлүүлж буй.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр К.Фүмио Япон Их Британитай батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны түүхийнхээ хамгийн том гэрээнд гарын үсэг зурсан юм. Тэрбээр мөн Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони, Францын Ерөхийлөгч Эмманюэль Макрон нартай уулзсан билээ.