УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хүн амын дундаж наслалт 2021 онд 71 болж 26 жилийн өмнөх Нийгмийн даатгалын хуулийг анх батлах үеийн түвшинтэй харьцуулахад 7.3 жилээр өссөн байна. Тэтгэврийн насныхан 2021 онд нийт хүн амын 10 хувийг эзэлж байсан бол 2030 онд 13.4 хувьд хүрэхээр байна. Ирээдүйд бий болох насжилт, тэтгэвэр авагчдын тооны өсөлт нь цаашид Нийгмийн даатгалын сан, улсын төсвийн ачааллыг нэмэгдүүлэхээр байгаа тул хуульд шинэчлэл хийх шаардлагатай гэж үзжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан "Сайн дураар болон албан журмын даатгалд хамрагддаг хүмүүсийн бүгдийнх нь тэтгэвэр нэмэгдэх нөхцөл үүснэ. Үнийн өсөлттэй уялдуулан тухайн оны нэгдүгээр улиралд багтаан бүх тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ. 2019 оноос эхлээд зургаа, долоон жилээр тэтгэврийн дундаж тооцсон. 2019-2022 оны хугацаанд багаар тэтгэвэр тогтоогдсон 48 мянган орчим хүнд 60.4 тэрбум төгрөгийг нөхөж олгохоор тооцоо хийсэн. 2023 онд 20 орчим тэрбум төгрөгийг нэмж санхүүжүүлнэ" гэлээ.
14:18 2023/01/12
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Мөн Орхоны хөндийд хот байгуулах тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцуулсан бөгөөд гишүүдийн олонхын саналаар уг тогтоолын төслийг баталлаа.
Үргэлжлүүлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй таван саналыг хэлэлцсэн юм. Тус хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэв.