Зэсийн ханш 9000 доллар давлаа

оруулсан Алсын Хараа

Лондоны металлын бирж (LME) дээр өнгөрсөн Лхагва гаригт зэсийн ханш 1.1 хувиар өсч, тонн нь 9013.50 ам.долларт хүрч, тав дахь өдрөө өссөн үзүүлэлттэй байв. Хятад улс хилээ нээх шийдвэр гаргасны дараа худалдаачид зэсийн эрэлт өснө гэж таамагласантай холбоотойгоор зэсийн үнэ өнгөрсөн зургадугаар сараас хойш анх удаа ийнхүү тонн тутамдаа 9000 ам.доллараас давжээ.

Хятад улс өнгөрсөн Ням гаригт хилээ нээснээс хойш зэсийн ханш 10 хувиар өссөн байна.

Нью-Йорк дахь хөрөнгө оруулалтын “OANDA” фирмийн зах зээлийн ахлах шинжээч Эдвард Моя “FOX Business”-т өгсөн ярилцлагадаа "Хятад бол дэлхийн зэсийн тэргүүлэгч хэрэглэгч бөгөөд эдийн засаг нь эргэн сэргэх нь дамжиггүй" гэж хэлжээ.

Харин “Capital Economics”-ийн шинжээч Кэролайн Бэйн “Тэг ковид” бодлогын үед металлын эрэлт эрчим хүчний эрэлттэй адил сэргэх магадлал багатай байсан. Гэвч Хятадын аж үйлдвэр харьцангуй тэсвэртэй байсан тул 2023 онд зэсийн үнэ огцом өсөх хандлагатай байна” гэж хэлжээ.

Шинжээч Моя мөн зээлийн хүү нь анхаарах бас нэгэн хүчин зүйл болохыг онцолсон байна. Тэрбээр "Холбооны нөөцийн сан энэ улиралд бодлогын хүүгээ өсгөсөн тохиолдолд 2023 онд ам.долларын ханш сулрах төлөв ажиглагдаж буй бөгөөд зэсийн хувьд нэмэлт дэмжлэг үзүүлэх боломжтой" гэжээ.

Ам.долларын ханшийн сулралт он гарснаас хойш зэс зэрэг металлын үнэ 8 орчим хувиар өсөхөд нөлөөлжээ. Ногоон мөнгөн дэвсгэрт 2022 оны зунаас хойших хамгийн доод түвшиндээ хүрч, ам.доллараар үнэлэгдсэн металлыг бусад мөнгөн тэмдэгтээр худалдан авагчдад илүү боломж олгож буй.

Дэлхийн эдийн засаг 2022 оны дундуур саарч, зээлийн хүү өсч, ам.долларын ханш чангарснаар зэсийн үнэ огцом унасан билээ.

Дашрамд дурдахад, “Capital Economics” компани “Оюутолгой”-н гүний уурхай ашиглалтад орох үед буюу 2025 онд зэсийн ханш 10 мянган долларт хүрнэ гэсэн “хэт өөдрөг” таамаглал дэвшүүлсэн. Үүнээс гадна цар тахал намжсанаар 2023 оныг дуусталх хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьтай байна гэсэн таамаглал бий. Үүнд аж үйлдвэрийн гол металл болох зэсийн ханшийн өсөлт таатай нөлөөлөл үзүүлэх юм.

Сэтгэгдэл бичих