Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, говь, хээрийн бүсэд хүчтэй салхи, шуурга шуурна

оруулсан Алсын Хараа

Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.

Энэ сарын 12-13-нд говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байна.

Иймд орон нутагт зорчиж буй иргэд, жолоочид тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, дулаан хувцас, шатах тослох материалыг нөөцөлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.

Маргаашийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын төлөв:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хүйтний эрч чангарч шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -36-41 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр -30-35 градус хүрч хүйтэрнэ. Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23-28 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5-10 градус, бусад нутгаар -15-20 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25-30 градустай байна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар -1-6 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -7-12 градус, бусад нутгаар -12-17 градус хүйтэрнэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18-20 градус, бусад хэсгээр -15-17 градус, өдөртөө -14-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -23-25 градус, өдөртөө -20-22 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -23-25 градус, өдөртөө -19-21 градус хүйтэрнэ.

Сэтгэгдэл бичих