Өмнөд Солонгос, Японы жуулчдад Хятад улс виз олгохоо зогсоожээ

оруулсан Алсын Хараа

Хилээр нэвтрэх хязгаарлалт тогтоосны хариуд БНСУ, Японы иргэдэд богино хугацааны виз олгохоо БНХАУ-ын эрх баригчид зогсоожээ.

Сөүлд суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдсэнээр, жуулчны хувиар Хятадад зорчих Өмнөд Солонгосын иргэдэд виз олгохыг түр зогсоосон байна.

Японы иргэдэд ч мөн ийм арга хэмжээ авч байгаа талаар тус улсын хэвлэлүүдэд мэдээлжээ.

Хоёр улс Хятадын иргэдийг "ялгаварлан гадуурхсан" хязгаарлалтаа цуцлах хүртэл ийм алхам хэвээр байх болно гэдгийг Бээжин цохон тэмдэглэсэн байна.

БНСУ-ын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Хятадын иргэдэд жуулчны виз олгохоо зогсоожээ. Сөүлийн энэ алхамыг Хятадын ГХЯ "хүлээн зөвшөөрөх боломжгүй" бөгөөд "шинжлэх ухааны үндэслэлгүй" гэж мэдэгдсэн байна. Хятадын авсан хариу алхмын талаар БНСУ-ын ГХЯ-наас мэдэгдэл хийхдээ, Хятадаас ирж буй жуулчдын талаар баримталж буй бодлого нь "шинжлэх ухааны болоод бодит нотолгоотой нийцэж байна" гэжээ.

Харин Японы эрх баригчид “COVID”-ийн шинжилгээний хариу нь “сөрөг” гарсан тохиолдолд Хятадын жуулчдыг хилээрээ нэвтрэхийг зөвшөөрч байгаа аж.

Сэтгэгдэл бичих