УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар Б.Энхбаярыг сонгов

оруулсан Алсын Хараа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Хууль зүйн байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ.

Тус байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар УИХ-ын дэд даргаар сонгогдсонтой холбоотойгоор МАН-ын бүлгээс Б.Энхбаяр гишүүнийг байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн юм. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Ганбат "Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооны даргыг үе үе солиод байх юм. Тус түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол удахгүй болно. Улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг ярьж байгаа гишүүдийг дарга болгочих юм" гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Үүний хариуд Б.Энхбаяр гишүүн "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол даваа гарагт эхэлнэ. Олон асуудал нотлох баримттайгаар ил болно. Д.Ганбат гишүүн мөн түр хорооны гишүүн. Миний хувьд өмнөх даргын ажлыг үргэлжлүүлж, хяналт шалгалтыг эрчимжүүлсэн. Ирэх долоо хоногоос үр дүн нь харагдана. Энэхүү түр хорооны даргын ажлаа хийж дуусгана" гэлээ. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 85.5 хувь нь дэмжив.

Б.Энхбаярын намтар

-1994 онд Чойбалсан хотын ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургууль,

-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөж,

-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

-1998-2004 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийн багш,

-2000-2001 онд УИХ-ын гишүүний туслах,

-2001-2002 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд референт, хуулийн зөвлөх,

-2003-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын дарга,

-2006-2007 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга,

-2009-2011 онд НДЕГ-ын Тамгын газрын дарга,

-2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх,

-2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх,

-2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд,

-2020 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих