Б.Энхбаярыг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

оруулсан Алсын Хараа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Тус байнгын хорооны даргаар ажиллаж байсан Л.Мөнхбаатар гишүүн УИХ-ын дэд даргаар сонгогдсон. Иймд УИХ дахь олонхын бүлгээс Б.Энхбаяр гишүүнийг байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн юм. Б.Энхбаяр нь 1994 онд Чойбалсан хотын ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөж, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. 1998-2004 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийн багш, 2000-2001 онд УИХ-ын гишүүний туслах, 2001-2002 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд референт, хуулийн зөвлөх, 2003-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын дарга, 2006-2007 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, 2009-2011 онд НДЕГ-ын Тамгын газрын дарга, 2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх, 2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2020 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, Д.Ганбат, Д.Цогтбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тэд УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, олон нийтийн хуульд итгэх итгэл, төрд итгэх итгэлийг сэргээхэд хуульчийнхаа хувиар, ард түмний төлөөллийн хувьд манлайлал үзүүлж ажиллахыг хүссэн бол УИХ-ын гишүүн Д.Ганбат Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахыг захив. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дараа Хүний эрхийн дэд хорооны даргын асуудлыг мөн ойрын хугацаанд шийдвэрлэж, агаар, орчны бохирдлоос үүдэн иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа асуудлыг хэлэлцэх шаардлагатайг сануулсан.

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад 14 гишүүн санал нэгтэйгээр Б.Энхбаярыг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжиж, энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Сэтгэгдэл бичих