Зөвлөлдөх зөвлөлийн даргаар Г.Чулуунбаатар, орлогч даргаар Б.Отгонтөгс сонгогдлоо

оруулсан Алсын Хараа

“Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн анхдугаар хуралдаан өчигдөр боллоо.

Хуралдаанаар Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн Зөвлөлийн даргад нэр дэвшигчдийн талаар хэлэлцэж, олонхын саналаар академич Г.Чулуунбаатарыг даргаар сонгов. Энэ үеэр Зөвлөлдөх зөвлөл орлогч даргатай байхаар тогтож, эдийн засагч Б.Отгонтөгсийг сонгов. Мөн хуралдаанаар Зөвлөлдөх зөвлөлийн хуралдааны дэгийн төслийг хэлэлцэн баталсан юм. Зөвлөлийн хуралдааны дэгийн төсөлд, хэлэлцэх асуудлын дараалал, тов, асуудал хэлэлцэхэд албан тушаалтан, иргэнийг оролцуулах болон хуралдааны ирц, санал хураалт, гишүүдийн оролцоо, Зөвлөлийн даргын эзгүй үед орлох, асуудал хэлэлцэх үед гишүүдээс асуулт асуух, үг хэлэх, хуралдааны явцыг баримтжуулах, шийдвэрийг ёсчлох зэрэг асуудлуудыг нарийвчлан тусгасан байна.

Зөвлөлдөх зөвлөлийн хуралдаанд Үндэсний статистикийн хорооны Дэд дарга Д.Лхамсүрэн оролцож, Зөвлөлдөх санал асуулгад оролцогчдыг сонгох аргачлалын тухай болон 2017 онд болсон Зөвлөлдөх санал асуулгад оролцогчдыг сонгосон түүврийн аргын талаар танилцуулга хийв. Үндэсний статистикийн хорооны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд түүврийн арга зүй, түүний дизайны талаар танилцуулсан. Тэрбээр аймаг, хот, сум, дүүрэг гэх мэт засаг захиргааны хуваарьт суурилсан газарзүйн байршлаар кластер үүсгэх, тэдгээрт оногдох өрхийг сонгох, сонгогдсон өрхийн гишүүдээс санал асуулгад оролцогчийг сонгох гэсэн гурван үе шатаар түүврийг хийхээр төлөвлөж буйг дурдаад, түүвэр судалгааны арга нь харьцангуй бага цаг хугацаанд мэдээлэл цуглуулдаг, зохион байгуулалтын хувьд хялбар, асуултын тоог хангалттай хэмжээнд нэмэгдүүлэх боломжтой, зардал хэмнэдэг зэрэг олон давуу талтайг онцлов.

Танилцуулгыг сонссоны дараа Зөвлөлдөх зөвлөл санал асуулгад оролцох иргэний тоог тогтоох, УИХ-ын сонгуульд оролцсон сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй 18-19 настай иргэд болон гадаадад оршин суугч иргэдийг хамруулах, эсэх асуудлуудыг хэлэлцлээ. Дээрх асуудлуудаар Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга Б.Отгонтөгс, Зөвлөлийн гишүүн Д.Моондой, Г.Галбадрах, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшиж сонгогдсон, хөдөлмөрийн эдийн засагч С.Эрдэнэбат, “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас нэр дэвшиж сонгогдсон, эрх зүйч Ц.Мандхайхатан, “Транспаренси интернэшнл Монгол" ТББ-аас нэр дэвшиж сонгогдсон, эрх зүйч Л.Төр-Од, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшиж сонгогдсон, эдийн засагч О.Амартүвшин нар асуулт асууж, санал хэллээ.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11.6-д “Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд оролцох иргэнийг энэ хуулийн 11.5-д заасан тоонд багтаан хамгийн сүүлийн удаа явагдсан УИХ-ын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авна” гэж заасан. Энэ заалтын дагуу хамгийн сүүлд буюу 2020 онд явагдсан УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтаас Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд оролцох иргэнийг сонгохоор тогтов.

Үндэсний статистикийн хорооны саналыг харгалзан, энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулгад оролцох иргэдийн тоог 1570-аар тогтоов. УИХ-ын 2020 оны сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн гадаад улсад оршин амьдарч буй иргэдийн үндсэн баримт бичгийг үндэслэн, Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд оролцуулах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Сэтгэгдэл бичих