10 ТЭРБУМЫН ДУУЛИАНЫ ЭЗЭН С.БАТДӨЛИЙН АРД ТӨБЗГ-ЫН ДАРГА Б.ЦЭНГЭЛ, "УБТЗ" ХНН-ИЙН ДАРГА Х.ХЭРЛЭН НАР БАЙДАГ УУ

оруулсан Алсын Хараа
“УБТЗ” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл гэх залуу сошиал дуулианы эзэн болоод буй. Эрүүгийн цагдаагийн албаныхан С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдүүдийнх нь орон сууц, оффисоос 7.3 тэрбум төгрөг бэлнээр, мөн 4.0 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн гэрээ, гэрчилгээ хурааж авсан гэх. Өнөөдөр түүнийг цагдах хорих эсэхийг шүүхээр хэлэлцэнэ. Тэгвэл 10 тэрбумын дуулианы эзэн С.Батдөл гэгч хэн болох, түүний ард хэн байдгийг судалж үзлээ. 


С.БАТДӨЛ БА “УБТЗ” ХНН ДАХЬ ТҮҮНИЙ АХ, ДҮҮ НАР

     “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга Сэнгээгийн Батдөл Дархан-Уул аймагт төрж, өссөн. 2010 онд анх “УБТЗ” ХНН-ийн Дархан өртөөнд ажилд орж, улмаар өртөөнүүдэд хуваарилагдаж явсаар 2019 оноос Улаанбаатар өртөөнд ажиллах болсон.
Аав Гомбодоржийн Сэнгээ нь ХААИС-д зоотехникийн чиглэлээр багшилж байсан. Тэтгэвэрт суусныхаа дараа Малчдын холбооны дэд дарга болж, мөн Дархан-Уул аймгийн Орхон суманд мал эмнэлэг, үржлийн “Шар эх сүр” ХХК-ийг ажиллуулж эхэлсэн. Мөн Дархан өртөөний дэргэдэх Замчин худалдааны төвд лангуу түрээслүүлдэг гэх.
Төрсөн ах Сэнгээгийн Баттулга нь 2016 оны есдүгээр сарын 1-нд Дархан хотын I сургуулийн захирлаар томилогдсон. Улмаар өнгөрөгч 2022 онд “УБТЗ” ХНН-ийн харьяа Төмөр замын дээд сургуулийн дэд захирлын албан тушаалд томилогдсон байгаа юм.
Төрсөн дүү Сэнгээгийн Гэрэлтуяагийнх нь нөхөр Б.Батсайхан нь мөн “УБТЗ” ХНН-ийн деспитчерийн албанд ажилладаг.
Эхнэр М.Сайнбилэг нь Ховд аймгийн Жаргалант суманд төрж, өссөн. Аав Моломын Мажигсүрэн нь Ховд аймгийн Жаргалант сумын I сургуульд багш, сургалтын менежерээр ажиллаж ирсэн. 2015 онд Монгол Улсын Зөвлөх багш зэрэгтэй болсон. Ээж Баастын Адилбиш нь мөн Ховд аймагт Жаргалант сумын I сургуульд багшилдаг.
М.Сайнбилэгийн төрсөн дүү М.Шинэбилэг нь мөн “УБТЗ” ХНН-т ажилладаг.

С.БАТДӨЛИЙН МӨНГӨ ХҮҮЛЭХ “БЯЦХАН” БИЗНЕС

      С.Батдөл 2017 оноос эхлэн эхнэр М.Сайнбилэг, төрсөн дүү М.Гэрэлтуяа нартайгаа нийлж, орон сууц, автомашин барьцаалж, хүүтэй мөнгө зээлж, мөнгө хүүлж эхэлжээ. Аав Г.Сэнгээ нь Дархан өртөөний дэргэдэх Замчин худалдааны төвд мах, махан бүтээгдэхүүн, сүү, хүнсний ногооны лангуу түрээслүүлдэг. Тэгэхээр С.Батдөл эхнэр, дүүгийн хамт түрээсийн мөнгийг нь эргэлдүүлдэг байсан гэх схем харагдана.
С.Батдөлийн хувьд бусдад ихэнхдээ 10-20 сая төгрөг хүүтэй мөнгө зээлддэг байсан бөгөөд ингэхдээ орон сууцыг нь барьцаалж, зарим тохиолдолд зээлсэн мөнгөнийхөө хүүнд орон сууцанд нь амьдрах гэрээ хийдэг байжээ. Жишээ нь, С.Батдөл 2017 оны арванхоёрдугаар сарын 15-нд иргэн Б.Мөнхцэцэг гэгчид 11 сая төгрөг зээлдүүлсэн. Зээлийнхээ хүүнд Сүхбаатар дүүргийн 10-р хороо, 25 дугаар байрны ... тоотын 3 өрөө байрны 2 жижиг өрөөнд нь амьдрахаар гэрээ байгуулжээ. Гэвч зээлдэгч Б.Мөнхцэцэг нь зээлсэн мөнгөө өгч чадаагүй тул, зээлийн гэрээгээ сунгаж явсаар 2021 оны тавдугаар сар хүргэсэн байгаа юм. Ингээд С.Батдөл Б.Мөнхцэцэгээс зээлсэн мөнгөө авахаар 2021 оны арваннэгдүгээр сард иргэний хэргийн шүүхээр орж,  Б.Мөнхцэцэгээс 11 сая төгрөгөө гаргуулж авахаар болсон байна. Гэхдээ Б.Мөнхцэцэг нь “С.Батдөл нь надад зээлдүүлсэн 11 сая төгрөгийнхөө хүүнд манай байранд өөрөө амьдрахаар гэрээ байгуулсан. Гэтэл өөр хүнд дамжуулан түрээсэлж, дундаас нь ашиг олсон байна. Иймд түүнээс зээлсэн мөнгөө бүтнээр нь өгөх боломжгүй” гэж 2022 оны нэгдүгээр сард давж заалдсан боловч шүүх хэрэгсэхгүй болгож байжээ.
Харин 2020 оны сүүлээс С.Батдөл өөрөө орон сууц барьцаалан бусдаас хүүтэй мөнгө зээлж, зээлсэн мөнгөө цааш дамлах хэлбэр рүү оржээ. Тухайлбал, эхнэр М.Сайнбилэг нь “25 сая төгрөг хүүтэй зээлж, хүүнд нь Баянзүрх дүүрэгт, Кино үйлдвэрт байрлах 3 өрөө байранд 1 нэг жил суулгана” гэх зарыг хэдэн арван сошиал хуудаст тарааж байсан байх ажээ.
Улмаар С.Батдөл 2021 оноос койны бизнес рүү орж, их хэмжээгээр худалдан авч эхэлсэн байна. Жишээ нь, Т.Ганболдын “Алтан дорнод монгол” ХХК-ийн ADM COIN болон Ч.Ганхуягийн “Ард койн”-ыг багагүй мөнгөөр худалдан авч байсан ажээ.
С.Батдөл өөрөө “Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол, СОТ-2, 17 тоот” хаягт амьдарч ирсэн. Энэ хаяг дээрээ сарын өмнө буюу өнгөрөгч 2022 оны хоёрдугаар сард “Монте андууд” ХХК-ийг байгуулж, захирлаар нь эхнэр М.Сайнбилэгээ бүртгүүлсэн байдаг. С.Батдөл мөн энэхүү амьдардаг байрныхаа “Өгөөмөр-9” СӨХ-ийн Хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж иржээ.

С.БАТДӨЛИЙН АРД ТӨБЗГ-ЫН ДАРГА Б.ЦЭНГЭЛ, “УБТЗ” ХНН-ИЙН ДАРГА Х.ХЭРЛЭН НАР БАЙДАГ УУ

     С.Батдөлийг “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар томилуулж, 10 тэрбум төгрөг гэртээ хадгалах хэмжээнд хөрөнгөжүүлсэн “нууц ноён” нь ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл гэх мэдээлэл байна. Судалж үзвэл, Б.Цэнгэл, С.Батдөлтэй хэд хэдэн сэжүүрээр холбогдож байгаа юм.
Тодруулбал, Б.Цэнгэл Дарханых, С.Батдөл мөн Дарханых гэдгээр эхний сэжүүр гарч ирнэ. Цаашилбал, “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын алба хоёр орлогч даргатай ажээ. Нэг орлогч нь сошиал дуулианы эзэн С.Батдөл бол Ачаа тээвэр хариуцсан өөр нэг орлогч нь Содномдоржийн Цэвээндорж гэх эмэгтэй байдаг аж. С.Цэвээндоржийн хувьд С.Батдөлөөс өмнө буюу 2020 онд энэ албан тушаалд томилогджээ. Ноцтой нь, орлогч дарга С.Цэвээндорж нь ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийн хадам дүү буюу эхнэр С.Янжинсүрэнгийнх нь төрсөн дүү ажээ. Эндээс, Б.Цэнгэл нь хадам дүү С.Цэвээндоржтойгоо авлигын бүх “хор”-ыг найруулж, харин нутгийн дүү С.Батдөлөөрөө гүйцэтгүүлдэг байсан байж болзошгүй схем харагдаж байгаа юм.
Сонирхуулахад, С.Цэвээндорж нь “УБТЗ” ХХН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга болсныхоо дараа жил буюу 2021 оны ХОМ-тээ 1.8 тэрбумын орон сууцтай, 600 сая төгрөгийн Benz G-500, Land 200 автомашинтай, 2.5 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байгаа юм.
Б.Цэнгэлийн хувьд 2017 онд “Монголын төм зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан. Улмаар 2019 онд “УБТЗ” ХНН-ийн даргаар томилогдохоор МАН-ын Удирдах зөвлөлийн хэмжээнд яригдаж байсан ч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар томилогдсон. Харин түүний найз Х.Хэрлэн нь “УБТЗ” ХНН-ийн даргаар томилогдсон. ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, түүний найз Х.Хэрлэн нар хоёулаа улс төрд “У.Хүрэлсүхийн” гэх хаягтай явдгийг, түүний татаасаар томилгоонд ордгийг нурших илүүц биз. Б.Цэнгэлийн эхнэр С.Янжинсүрэн нь өдгөө Ерөнхийлөгчийн тамгын газрын Бичиг баримт, хяналт шинжилгээний газрын даргаар ажиллаж буй.
Түүнчлэн, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийг эхнэр С.Янжинсүрэн нь УИХ-ын гишүүн асан Р.Рашийн ойрын хамаатан. Тиймдээ ч Б.Цэнгэл 2012 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайдаар томилогдох үеэсээ л Р.Рашийн хүргэн гэгдэж өнөөг хүрч буй. Р.Рашийн хувьд 1991-2004 он хүртэл “УБТЗ” ХНН-ын дарга, Төмөр замын хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан, товчхондоо төмөр замд нэр нөлөө нь дархлагдсан нэгэн. Энэ гэр бүл олон улсын тээвэр зуучийн хэд хэдэн компани холбоотой байдгийг ч дурдах нь зөв байх.
Дурдахгүй өнгөрч болохгүй бас нэг сэжүүр нь С.Батдөлийн ардах нууц ноёдын нэг нь Сангийн сайд Б.Жавхлан гэх. Б.Жавхлангийн хувьд уугуул нутаг Сүхбаатараараа У.Хүрэлсүхтэй, суугуул нутаг Дарханаараа Б.Цэнгэлтэй нутаг нэгтэй. Улс төрд тэднийг нэг фракц гэх нь ч бий. Ямартай ч С.Батдөлийн хувьд Б.Жавхлангийн "сошиал фен" явж ирсэн юм билээ. С.Батдөлийн аав Г.Сэнгээ нь ч Дарханы тойрогт Б.Жавхлангийн бие төлөөлөгч аятай байдаг гэх.
Ингээд харвал, 10 тэрбумын дуулианы эзэн С.Батдөлийн цаана жинхэнэ “акул”-ууд байх дүр зураг харагдаж байна. 
     Эцэст нь, С.Батдөлийн тухай дурдахгүй өнгөрч болохгүй бас сонирхолтой баримт байна. Тодруулбал, С.Батдөлийн эхнэр М.Сайнбилэгийн ээж Б.Адилбишийн төрсөн дүү буюу нагац ах Баастын Батболд нь “Номин шилтгээн констракшн” ХХК-ийг эзэмшдэг. Тус компани 2015 оноос Ховд аймагт “Эко нүүрс” нэртэй шахмал түлш үйлдвэрлэж эхэлжээ. Ингэхдээ Дарви сумын нутагт байх Хөшөөтийн уурхайгаас нунтаг нүүрс авч, шахмал түлшээ үйлдвэрлэдэг аж. Хамгийн ноцтой нь, 2018 оны есдүгээр сарын 11-нд “Номин шилтгээн констракшн” ХХК-д УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ЖДҮХС-аас 400 сая төгрөгийн зээл авч өгсөн бөгөөд үүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.
Эх сурвалж: Ergelt.mn

Сэтгэгдэл бичих