"УБТЗ-ын албан тушаалтан "Б" болон хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт ₮7.3 тэрбумыг хураан авч, түүнийг баривчилсан" талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.
Түүнийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж, шийдвэрээ гаргажээ.
Тодруулбал, яллагдагчаар татагдсан С.Батдөлийг нэг сар цагдан хорихоор болсон байна. Түүнийг татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан хэрэгт яллагдагчаар татжээ.
Тодруулбал, 2018 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж олсон орлогоос их хэмжээний татварт ноогдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд болон өөрийн гэртээ нууж татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7,300,000,000 төгрөгийг мэдсээр байж түүнийг ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2022 онд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэргээр өөрчилж байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд нь яллагдагчаар татсан байна.
Эрүүгийн Цагдаагийн Албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа уг хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр яллагдагчаар татагдсан түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос ирүүлснийг эх сурвалж мэдээлэв.
18.3 дугаар зүйл.Татвар төлөхөөс зайлсхийх
1.Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
18.6 дугаар зүйл.Мөнгө угаах
1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж;
2.2.байнга тогтвортой үйлдэж;
2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.