УБТЗ-ын эрх бүхий албан тушаалтын гэр болон хамаарал бүхий этгээдийнх нь объектод нэгжлэг хийж 7.3 тэрбум бэлнээр хураан авч, саатуулжээ

оруулсан Алсын Хараа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд шинэ сайдуудаа томилуулахаар оруулж ирэх үедээ авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой дараагийн арга хэмжээгээ авна гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал тэрбээр, "Тээвэр ложистик, боомт, төмөр замтай холбоотой дарга нар болгоомжтой байгаарай, дараагийн "дэлбэрэлт" энэ салбарт болж магадгүй. БОАЖЯ-ны газар зардаг нөхдүүд болгоомжтой байгаарай. Монголбанкны газрын дарга нар ББСБ-уудаа больцгоогоорой" гэсэн юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ерөнхий сайдын энэ мэдэгдлийн дараа буюу өчигдөр орой УБТЗ-ийн эрх бүхий албан тушаалтны гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт хуулийнхан нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгийн үеэр 7.3 тэрбум төгрөг бэлнээр олдсон тул хурааж авч, уг эрх бүхий албан тушаалтныг ЭЦГ-аас саатуулж, цагдан хориод байгаа аж.

Энэ хэргийн талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Өнгөрсөн шөнө Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулашгүй ажиллагаа явуулж УБТЗ-ын албан тушаалтан Б-ийн гэрээс болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийтдээ 7.3 тэрбум төгрөгийг хураан авч иргэн Б-г 48 цагийн хугацаагаар баривчилсан. Үүнээс гадна 4 гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх асуудлаар шалгаж байна. Б нь УБТЗ-д олон жил ажилласан. Одоогоор  тээвэр зохицуулалтын асуудал хариуцан ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих