Хархорум хот байгуулах хүрээнд 250.5 мянган га бүхий гурван газрыг сонгожээ

оруулсан Алсын Хараа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Ц.Туваан нар Орхон голын хөндий нь нүүдэлчдийн анхны төрт улс болох Хүннү гүрний Луут хот, Уйгурын Хар балгас, Тахай балгас хэмээх нийслэл хотууд сүндэрлэж байсан манай улсын түүх, соёл, төрт ёсны голомт нутаг болохыг тодотгоод Хархорум хотыг бүтээн байгуулахад хэдий хэмжээний мөнгө санхүү шаардлагатай болох, хэдэн хүнтэй суурин байх талаар тодрууллаа. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Орхоны хөндийд хот байгуулахтай холбоотой БХБЯ, БШУЯ хэд хэдэн удаагийн судалгаа хийлгэсэн. Өнгөрсөн онд манай яам 400 орчим сая төгрөг зарцуулж, хотын байршлын ТЭЗҮ-ийг боловсруулах гэрээг хийгээд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар гурван байршлын санал орж ирээд буй. Нэгдүгээр хувилбар бол Тоглохын талд 40.4 мянган га, хоёрдугаар хувилбар Өгий нуур орчимд 168.6 мянган га, гуравдугаар хувилбар нь Онгоцон хөндийд 41.4 мянган га, нийт 250.5 мянган га газрыг судлаад явж байна.

Шинэ хотын байршил тогтоосон судалгааг 2005 онд хийж, 2006 онд "Энэхүү судалгаа нь хэрэгжих боломжгүй" гэсэн дүгнэлт гарсан. УИХ-аас хот байгуулах шийдвэр гарсан тохиолдолд нэгдүгээрт хот байгуулах ТЭЗҮ-г боловсруулна. Түүний дараа дээр дурдсан байршлуудын аль дээр хэчнээн га газарт хотыг байгуулах вэ гэдэг асуудлаа шийднэ. Ингэхийн тулд уг газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Засгийн газрын түвшинд шийдэх зэрэг ажлууд хүлээгдэж байна. ТЭЗҮ гарсны дараа хэдий төгрөгийн санхүүжилт шаардагдах, хэдэн хүн амтай байх гэх зэрэг асуудал илүү тодорхой болно” гэсэн тайлбарыг өгч байв.

Сэтгэгдэл бичих