МИАТ ТӨХК “Туркиш Эйрлайнс” компанитай зорчигчдын аялах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгуулан ажиллаж эхэллээ.
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ болон “Star Allianc”-ийн гишүүн “Туркиш Эйрлайнс” компани ийнхүү хамтран ажилласнаар Монгол, Турк болон бусад улс орнын хооронд илүү уян хатан сонголттой аялах боломжийг олгох аж. Тодруулбал, “Туркиш Эйрлайнс” нь МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар хот руу хүрэх нислэгт маркетингийн тээвэрлэгчээр ажиллах бол МИАТ компанийн үйлчлүүлэгч нар “Туркиш Эйрлайнс” компанийн нислэгийн сүлжээгээр Европ болон АНУ-ын чиглэлд аялах боломжтой болж байна. Энэ хүрээнд “Туркиш Эйрлайнс” компани МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Истанбул чиглэлд TK аяллын дугаар бүхий нислэгийг санал болгох бол МИАТ компани нь Истанбул-Улаанбаатарын чиглэл болон Истанбул хотоос цааш “Туркиш Эйрлайнс”-ийн нислэг үйлддэг Европ болон АНУ-ын 10 хотын чиглэлд ОМ аяллын дугаар бүхий нислэгийг санал болгох юм.
“Туркиш Эйрланс” компанийн гүйцэтгэх захирал бөгөөд ТУЗ-ийн гишүүн Билал Экши гэрээг үзэглэх үеэр "Хамтын ажиллагааны хүрээнд Истанбул, Улаанбаатар хотын нислэгийн давтамжийг харилцан нэмэгдүүлж буй”-г дурдаж, аяллын дугаар хамтран эзэмших гэрээнд байгаа бусад чиглэлээс гадна илүү олон чиглэлийг холбох болно гэдгийг мэдэгдлээ.
МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, “Энэхүү гэрээ нь хоёр компанийн зорчигчдод илүү таатай, сонголтыг бий болгож байна. “Туркиш Эйрлайнс” нь дэлхийд өргөн сүлжээтэй томоохон компаниудын нэг бөгөөд ийнхүү хамтран ажиллах болсон нь манай компанийн нислэгийн сүлжээг өргөжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна” гэв.