Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанид хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор ажлын 88 байранд сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарласан. Үүнийг албаны хүмүүс төр, засгаас төрийн өмчийн компани, ААН-үүдэд улстөрийн намын болон танил талын хүнээ ажилд оруулах, татлаа түтлээ бүхий шахааг зогсоож, бүтцийг шинэчилж буй зорилготой хэмээн тайлбарлаж, энэ үйл ажиллагааг дээрх компаниас эхлүүлээд байна хэмээн мэдэгдэж байна.
Мөн төрийн өмчит компаниудад IPO хийн, олон нийтийн болгоход бэлтгэж төрийн өмчит ААН-үүдийн ажилтан, алба хаагчдыг илүү чадварлаг болгон сайжруулж, хүний нөөцийг бүрдүүлж буй үйл ажиллагаа гэдгийг “Шинэ сэргэлтий бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн мэдэгдэж байна. Тодруулбал, төрийн албыг төрлийн болгож ирсэн тогтолцооны гажуудлыг халж, мэдлэг, чадвартай залуучууд шударгаар өрсөлдөж, Монгол Улсын уул уурхайн салбарын толгой, менежментийн компанид ажиллах эхлэлийг тавьж буйг мэдэгдлээ.
Сонгон шалгаруулалтын бүртгэл эхэлснээс хойш нэг өдрийн дотор бүртгүүлсэн иргэдийн тоо төлөвлөж байсан тооноос давжээ. Өчигдрийн 12.45 цагийн байдлаар иргэний цахим оролцоо www.e-tanhim.gov.mn платформоор 810 хүн бүртгүүлж, 1290 гаруй хүн анкетаа ирүүлээд байна. Нэгдүгээр сарын 2-нд эхэлсэн бүртгэл энэ сарын 16 хүртэл үргэлжилж, сонгон шалгаруулалтыг ажлын хэсэг нэгдүгээр сарын 20-ноос эхлэн үе шаттай явуулна хэмээн Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын газрын дарга Т.Сосорбарам мэдээллээ.
Сонгон шалгаруулалтын үйл явцыг нээлттэй, ил тод, шударгаар явуулах үүднээс иргэд болон томоохон групп, компаниуд, МҮХАҮТ-ын төлөөлөл оролцон хяналт тавих аж. Мөн их, дээд сургуулиудын эрдэмтэн, профессоруудыг зөвлөхөөр оролцуулж Төрийн албаны зөвлөлийн шалгалтын системд суурилан, олон улсын аргачлалаар зохион байгуулах аж. Ажлын байранд бакалавраас дээш боловсролтой, нэгээс дээш гадаад хэлтэй, 5-8 жилийн менежерийн ажлын туршлагатай байх нийтлэг шаардлага тавьж байна.