ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Газпром” НХН-т ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч-2” хийн хоолойн зураг төслийг боловруулах ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгожээ.
Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга, Захирлуудын зөвлөлийн орлогч дарга А.Б.Миллерийг энэ сарын 27-нд хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр “Газпром” НХН-ийн 2019 оны тайлан, мөн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Дорнод Сибирь болон БНХАУ-ыг байгалийн хийгээр хангах боломжийн талаар мэдээлэл өгсөн байна.
2020 онд “Газпром” НХН нь нийт 1.8 их наяд рублийн хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, 1942 км хийн хоолой барих, 114 цооног шинээр гаргах, байгалийн хий хадгалах газар доорх байгууламжаа 180 сая шоо метрээр нэмэх юм. Түүнчлэн “Хойд урсгал 2” (Северный поток-2) сувгийг байгалийн хийгээр хангах хийн хоолойн барилга, мөн Ямалын хойгийн орд газрын бүтээн байгуулалтын ажлыг Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер онцолсон байна. Энэ хүрээнд “Сибирийн хүч-2” хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгаагаар жилд 50 тэрбум куб метр хий нийлүүлэх бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гарчээ. “Газпром” ХНХ нь 2019 онд 500.1 тэрбум шоо метр байгалийн хий олборлож, үүнээс 199.3 тэрбум шоо метр байгалийн хийг экспортолсон байна. Түүнчлэн Европын байгалийн хийн нийт зах зээлийн 35.6 хув нь ОХУ-д ногдсон хэвээр байгаа аж.