“Тавантолгой төмөр зам” ХХК-д БЭТ томилогдоод юу хийв?

оруулсан Алсын Хараа

Нүүрсний хулгайтай тэмцэхтэй холбоотойгоор Засгийн газар 2022 оны 12-р сарын 12-ны өдөр “Тавантолгой төмөр зам” ХХК-д онцгой дэглэм тогтоож Бүрэн эрхт төлөөлөгчөөр Н.Мягмарыг томилсон. Энэ хугацаанд ямар ажлууд хийгдэв?

Засгийн газар “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам , “Богдхан” төмөр замын суурь бүтэц барих төслийн ажил зэрэг гэрээг төрийн нууцаас гаргахыг даалгасан. Энэ хүрээнд маш нууц, нууц зэрэглэлтэй 39 гэрээг ил болгож, www.ttz.mn сайтад байршуулжээ. Дээрх төслүүдийн хөрөнгө оруулалт, бизнес төлөвлөгөө, хэрэгжилт, худалдан авах ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хамтарсан хяналт шалгалт хийх ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Мөн валютын орлого, экспортын тээвэрлэлтийг нэмэх ажлын хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн “Мүгэн Логистик” ХХК болон “Жи Ар Капитал Логистик” ХХК-иудтай байгуулсан 100 хагас вагон түрээслэх гэрээг цуцалж, “Монголросцветмет” ТӨҮГ-т хүлээлгэн өгчээ.

“Богдхан төмөр зам” төслийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээр хариуцуулан гүйцэтгүүлэх, тус төмөр замын шугамыг эцэслэн тохирох асуудлыг ОХУ-ын талтай ярилцах үүргийг Засгийн газраас мөн өгсөн.  Үүний дагуу Богдхан төмөр зам төслийн барилгын ажлыг түр зогсоожээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцэд хэсэгчилсэн байдлаар техникийн комисс бүрэн ажиллаж дууслаа. Ингэснээр төмөр замын суурь бүтцийг бүхэлд нь байнгын ашиглалтад оруулах бэлтгэл ажил хангагдаад байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийн ажлыг эхлүүлэхээр холбогдох байгууллагуудад мөн санал хүргүүлжээ.

Сэтгэгдэл бичих