Х.Нямбаатар: Улстөрд нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий хүмүүс аливаа тендерт хамрагдахгүй

оруулсан Алсын Хараа

Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэхдээ “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон” хэмээв.

Тэрбээр цааш хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд Хөгжлийн банк, ЖДҮ-ийг дэмжих зээл, нүүрсний хэрэг зэрэг төрийн болон төрийн өмчит компаниудтай холбоотой улстөрчдийн хууль бус үйлдэл нь иргэдийн жигшил зэвүүцлийг ихээхэн төрүүлж байна. Иймд Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.

Тус хуулийн төсөлд нэгдүгээрт, улстөрд нөлөө бүхий албан тушаалтнууд болон тэдгээрийн эхнэр, нөхөр, хүүхэд, хамтран амьдрагч нь төрийн удирдах албан тушаал хашихыг хориглосон заалтыг тусгалаа. Хоёрдугаарт, төрийн болон орон нутгийн өмчит компани, тэдгээрийн оролцоотой компанийн удирдах түвшний эрх бүхий албан тушаалд томилогдохгүй. Дээр дурдсан улстөрд нөлөө бүхий зарим этгээдүүд, тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд, хамтран амьдрагч нь төрөөс хэрэгжүүлж буй бүх төрлийн төсөл хөтөлбөр, хөнгөлөлт баталгаа, тусламж, гадаад болон дотоодын зээлд хамрагдахгүй байхаар хуульчлав. Өөрөөр хэлбэл, нэн хөнгөлөлттэй зээлийн сангуудын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, оюутны төрийн сангийн сургалтын зээлд хамрагдахгүй гэсэн үг.

Гуравдугаарт, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, нийслэл, аймгийн Засаг дарга болон тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд, хамтран амьдрагч нээлттэй болон хаалттай хэлбэрээр зарлагдаж буй тендерт аж ахуйгаараа оролцохгүй. Ингэснээр тухайн албан тушаалтан аж ахуй эрхлэхгүй гэсэн үг биш. Хэрэв тухайн албан тушаалд сонгогдох болон томилогдох болсон тохиолдолд аж ахуйгаа эрхлэх үү эсвэл улс төрийн албан тушаал хаших уу гэдгээ өөрөө шийдэх эрхтэй” гэлээ.

Сэтгэгдэл бичих