Нийтийн тээврийн парк шинэчлэлийг энэ онд 80 хувьд хүргэнэ

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн нийтийн тээврийг энэ онд 384 автобусаар шинэчлэх аж. Эхний ээлжинд урд хөршөөс 224 автобус авахаас 100 нь БНХАУ-ын Эрээний хилийн боомтод ирж гаалийн хяналтад орж буй талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.

Хятад улсын Шиаменийн үйлдвэрээс нийлүүлж буй шинэ автобуснуудын эхний ээлжийг нийслэлд нэгдүгээр сарын 10-нд хүлээн авах аж. Улмаар энэ сарын 15-наас үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ. Үлдсэн 124 автобусыг хоёрдугаар сард багтаан оруулж ирэх талаар мэдээллээ.

Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр энэ онд парк шинэчлэл, тээврийг сайжруулах, паркийн бүтээн байгуулалтад зориулж, улсын төсөвт 340 тэрбум төгрөгийг тусгаад байгаа юм. 2022-2023 онд 856 автобус, троллейбус үйлчилгээнээс хасагдахаар байгаа тул нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг Засгийн газрын дэмжлэгтэй 2023 онд хийж 80 хувьд хүргэхээр төлөвлөжээ.

Өнгөрсөн онд 100 автобус нийлүүлж, сургуулийн 50 автобусыг үйлчилгээнд явуулж байна.


Нийслэлд нийтийн тээврийг сайжруулах Ажлын хэсэг ажиллаж, өнгөрсөн хугацаанд нийтийн тээврийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, Улаанбаатарын нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, чанартай хүргэхэд 1432 тээврийн хэрэгсэл хэрэгтэй гэж үзжээ.

Нийслэлд орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн нийт 19 аж ахуйн нэгж 134 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байна. Эдгээр компанид 1240 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг боловч тогтмол 985 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна.

Сэтгэгдэл бичих