Төрийн өмчит "Монголын Хөрөнгийн бирж" компани өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-нд өөрийн эзэмшлийн 34 хувийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан олон нийтэд санал болгон, анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлсэн. Арилжаагаар хөрөнгө оруулагчдаас 57.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 7414 захиалга ирж, энэ нь татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн 11.9 тэрбум төгрөгийн дүнгээс 4.8 дахин давсан үзүүлэлт боллоо.
Захиалгуудыг одоо СЗХ-ны "Үнэт цаасны бүртгэлийн журам"-д заасны дагуу хянаж, тайланг эцэслэн гаргах юм.
“Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга нийлүүлэлтээс давж хаагдлаа.
Ташрамд мэдээлэхэд, “Монголын Хөрөнгийн бирж” нь дээр дурдсанаар нийт хувьцааныхаа 34 хувь буюу 119,157,603 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 100 төгрөгөөр тогтоосон үнийн аргаар олон нийтэд санал болгож, 11.9 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн арилжааг явуулсан юм.
УИХ, Засгийн газраас дэвшүүлсэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглалыг олон нийтийн хяналтад шилжүүлэхээр төрийн өмчийн 25 компанийг олон нийтийн болгох шийдвэр гарсан. Үүний хамгийн эхний компани болох "Монголын Хөрөнгийн бирж” ийнхүү олон нийтийн болж байна.
Монголын Хөрөнгийн бирж хувьцаа гаргаснаар төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох үйл явц эхэлж буйг Сангийн сайд Б.Жавхлан онцолсон юм.