Дэлхий дахинд 2023 онд тохиох томоохон үйл явдлууд

оруулсан Алсын Хараа

Их Британийн хаан III Чарльзыг хаан ширээнд залах ёслол, Африкийн Супер лигийн анхны тэмцээн, Испанийн алдарт зураач Пабло Пикассогийн таалал төгссөний 50 жилийн ой зэрэг 2023 онд тохиох томоохон үйл явдлуудыг Францын “FRANCE24” агентлаг нэрлэжээ.

Хорват еврод шилжиж, Шенгений бүсэд нэгдлээ

Хорват улс Европын Холбоонд 2013 оны долоодугаар сарын 1-ний өдөр гишүүнээр элссэнээсээ хойш есөн жилийн дараа еврогийн бүсийн 20 дахь, Шенгений бүсийн 27 дахь гишүүн боллоо. Ингэснээр тус улс евро хэрэглэдэг 19 орон болон Европын Төв банктай санхүүгийн харилцаагаа улам гүнзгийрүүлэх боломж бүрдэж байна. Мөн еврогийн бүсийн аялагчид еврогоо Хорватын кунагаар солиулах шаардлагагүй болж байна.

Хорватын Ерөнхий сайд Андрей Пленкович саяхан “AP” агентлагт өгсөн ярилцлагадаа, “Хорват ЕХ-нд гишүүнээр элссэнээсээ 10 жилийн дараа Шенгений болон еврогийн бүсэд нэгэн өдөр нэгдсэн түүхэн дэх цорын ганц улс болохын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргасныг цохон тэмдэглээд, үүнээс үүдэн гарах өөрчлөлтүүд нь “манай эдийн засагт үлэмж нөлөө үзүүлнэ” хэмээн хэлжээ. Харин зарим хорватчуудын хувьд 1991 оны зургаадугаар сарын 25-нд тусгаар тогтнолоо зарласнаасаа хойш хэрэглэж эхэлсэн мөнгөн дэвсгэртээсээ үе шаттайгаар татгалзах өөрчлөлтөд дурамжхан хандаж байна. Тэд мөн бизнес эрхлэгчид кунагаас евро руу хөрвүүлэх явцад үнэ өсөх вий гэдэгт санаа зовж байгаагаа илэрхийлж байна.

Пабло Пикассогийн таалал төгссөний 50 жилийн ой

Испанийн алдарт зураач Пабло Пикассогийн таалал төгссөний 50 жилийн ой энэ онд тохионо. Тэрбээр 1973 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр таалал төгссөн билээ. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан зохион байгуулах “1973-2003 Picasso Celebration” хэмээх үйл ажиллагаанд Европ, АНУ-ын олон музей оролцох бөгөөд үзэсгэлэн, арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Мөн ЮНЕСКО-гийн төв байранд “Пикассо 21 дүгээр зуунд: түүхэн болон соёлын асуудлууд” сэдвийн хүрээнд олон улсын симпозиум 12 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд болно.

Их Британийн хаан III Чарльзыг хаан ширээнд залах ёслол

III Чарльзыг хаан ширээнд залах ёслол Вестминстерийн сүмд тавдугаар сарын 6-ны өдөр болно. Энэхүү ёслол нь 1953 оны зургаадугаар сарын 2-ны өдөр хатан хаан II Элизабетыг хаан ширээнд залах ёслол болсноос 70 жилийн дараа болох юм. “Хаан ширээнд залах ёслол нь эртний уламжлал, сүр жавхлант байдалд тулгуурлан эзэн хааны өнөөгийн үүргийг тусгаж, ирээдүйг харсан шинжтэй байна” гэж Букингемийн ордны мэдэгдэлд цохон тэмдэглэжээ. Ордны эх сурвалжуудын мэдээлснээр, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор ёслолыг цомхон зохион байгуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, хатан хааныг хаан ширээнд залах ёслол гурван цаг үргэлжилж байсан бол энэ удаа нэг цаг болгон богиносгож, зочдын тоог 8000-аас 2000-д хүргэж бууруулах ажээ.

Туркийн бүх нийтийн сонгууль

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы дэмжигчдийн тоог буурахад нөлөөлж буй эдийн засгийн хямрал үргэлжилж байгаа энэ үед Туркийн сонгогчид зургаадугаар сарын 18-ны өдөр сонгуульд саналаа өгнө. “Р.Эрдоганы автократ засаглал улс төрд үргэлжлэх эсэхийг шийдвэрлэх тул түүхэн сонгууль болно” гэж Сан-Диегогийн их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Ахмет Куру нийтлэлдээ бичсэн байна.

Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ Австрали, Шинэ Зеландад болно

Австрали, Шинэ Зеланд 2023 оны эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг /ДАШТ/ долоодугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ны өдрүүдэд есөн хотдоо хамтран зохион байгуулна. Нийт 32 баг хурд хүчээ зорих энэхүү тэмцээн нь эмэгтэйчүүдийн хамгийн том хөл бөмбөгийн ДАШТ болно гэдгээрээ онцлогтой. Эхний тоглолт Шинэ Зеландын Окленд хотын “Eden” цэнгэлдэх хүрээлэнд Шинэ Зеланд, Норвегийн шигшээ багуудын хооронд өрнөх бол сүүлийн тэмцээн Сидней хотод “Stadium Australia” цэнгэлдэх хүрээлэнд болно.

Африкийн Супер лигийн тэмцээн

Олон улсын хөл бөмбөгийн холбооны тэргүүн Жианни Инфантино 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр анх танилцуулсан Африкийн Супер лигийн анхны тэмцээн 2023 оны наймдугаар сард болно. Африкийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн Патрис Моцепе, “Энэхүү тэмцээнийг Африкийн хөл бөмбөгийн спортын түүхэн дэх хамгийн сэтгэл хөдөлгөм төслүүдийн нэг” хэмээн тодорхойлжээ. Тус холбоо тэмцээнд нийт 200 сая ам.долларын хөрөнгө оруулна.

Эрэгтэйчүүдийн регбигийн ДАШТ Францад болно

Францад есдүгээр сарын 8-наас 10 дугаар сарын 28-ны өдрүүдэд болох эрэгтэйчүүдийн регбигийн 10 дахь удаагийн ДАШТ-д 20 орон оролцоно. Энэхүү тэмцээн “Stade of France” цэнгэлдэх хүрээлэнд Франц, Шинэ Зеландын тоглолтоор эхэлнэ. Парисын хойд хэсэгт орших уг цэнгэлдэх хүрээлэнд тэмцээний сүүлийн тоглолт мөн болно. Чили регбигийн ДАШТ-д анх удаагаа оролцох бол Португал 16 жилийн дараа түүхэндээ хоёр дахь удаагаа оролцох ажээ.

“NASA”-гийн “OSIRIS-REx” эргэн ирнэ

“Osiris-Rex” нь солироос дээж цуглуулсан АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэх судлах төвийн /NASA/  анхны төхөөрөмж юм. Дэлхийгээс 2016 оны есдүгээр сарын 8-ны өдөр хөөрсөн энэхүү аппарат Бенну солирт 2018 оны 12 дугаар сарын 3-нд хүрч очжээ. Улмаар 2020 оны 10 дугаар сарын 20-нд дээж цуглуулсан бөгөөд ирэх оны есдүгээр сарын 24-ний өдөр эх дэлхийдээ эргэн ирэх төлөвтэй байна. Энэхүү судалгаа нь эрдэмтдэд гаргууд хэрхэн үүссэн, амьдрал хэрхэн эхэлсэн, ирээдүйд дэлхийд нөлөөлж болзошгүй солируудын талаар илүү сайн судлахад тус дөхөм болох ажээ.

АНЭУ “COP28” бага хурлыг зохион байгуулна

Египетэд болсон Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь конвенцод нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 27 дахь удаагийн чуулганаар /COP27/ хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, олборлодог түлшний хэрэглээг зогсоох чиглэлд ахиц дэвшил гараагүйд сэтгэл дундуур байгаагаа Францын Эрчим хүчний шилжилтийн асуудал эрхэлсэн сайд Аньес Панье-Рунашер мэдэгдэж байв. Харин энэ оны “COP28” чуулганыг АНЭУ 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд Дубай хотноо зохион байгуулах бөгөөд “COP”-ыг зохион байгуулсан Ойрхи Дорнодын хоёр дахь орон болох юм.

АНЭУ-ын Ерөнхийлөгч, шейх Мохаммед Бин Заид Аль Нахаян 11 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ, “бидэнд ганцхан гараг бий гэдгийг оюун санаандаа тунгаан нягт хамтран ажиллах зайлшгүй шаардлага тулгараад байгааг” цохон тэмдэглээд, “COP28” нь манай улсын хувьд 2023 оны хамгийн чухал үйл явдал болно гэдгийг онцлон хэлжээ. АНЭУ нь Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудаас Парисын гэрээг соёрхон баталсан анхны улс бөгөөд 2050 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаа тэглэх зорилт дэвшүүлээд байгаа юм.

Сэтгэгдэл бичих