“COVID-19” халдвар хяналтад байгаа ч томуу, томуу төст өвчлөлийн тохиолдол нэмэгдэж байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Тэрбээр “2022 оны 51 дүгээр долоо хоногт коронавируст халдварын 221 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос 95 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм. Мөн PCR шинжилгээгээр эерэг илрэх хувь 1.4 хувь болж буурсан. Үүсгэгчийн хувьд BQ1.2 хувилбар 75-80 хувийг эзэлж байна. Харин томуу, томуу төст өвчлөл улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн буюу улбар шар түвшинд байна. Томуу, томуу төст өвчин 15 хүртэлх насны хүүхдүүдэд 80 хувьтай, амьсгалын замын цочмог хүнд халдвар 92 хувьтай тодорхойлогдсон. Аймгуудаар авч үзвэл, томуу, томуу төст өвчлөл нэг аймагт улирал хоорондын буюу ногоон, 13 аймагт идэвхжлийн буюу шар, зургаан аймагт алаг цоог буюу улбар шар түвшинд байгаа" гэв.
Түүнчлэн томуугийн вакцинжуулалт улсын хэмжээнд 81 хувьтай үргэлжилж байна. Томуугийн вирус 4 хүртэлх насны хүүхдийн дунд амьсгалын замыг гэмтээж маш богино хугацаанд хатгаа болгох эрсдэлтэй байна. Томуугийн вирусээр өвчилсөн тохиолдолд эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд амьсгал давчдах, халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Иймд бага насны хүүхэд богино хугацаанд өндөр халуурч байвал эмнэлгийн байгууллагад хандаж үзүүлэхийг тэрбээр зөвлөлөө.