Б.Цэнгэл: 2023 онд төрийн өмчит 26 компанийг олон нийтийн болгоно

оруулсан Алсын Хараа

"Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК олон нийтэд хувьцаа гаргаснаар 5 дахь өдрөө болж, өнөөдөр захиалгын хугацаа дуусч байна. Биржийн хувьчлалаар төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох үйл явц эхэлж буйг Сангийн сайд Б.Жавхлан онцлон тодотгосон. Төрийн болон төрийн өмчит компаниудын хувьчлалын талаар бид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээс тодруулсан юм.

-Олон нийтэд хувьцаагаа гаргах төрийн өмчит ААН-үүдийн жагсаалтад эхний ээлжинд автозам засвар, арчлалт (АЗЗА)-ын компаниуд байгаа. Томоохон ААН-үүдийн хувьчлал хэзээ явагдах вэ? 

-Ирж буй онд нийт 26 компанийн төрийн өмчийн эзэмшлийн 34 хувийг Хөрөнгийн биржид олон нийтэд арилжиж нээлттэй хувьцаат компани болгоно. Энэ талаар УИХ үндсэн чиглэлээ баталж, 16 дугаар тогтоол гарсныг та бүхэн мэдэж байгаа. Тогтоолын дагуу Засгийн газар компаниудын жагсаалтыг гарган баталдаг журамтай.

Таны асууж буй АЗЗА компаниудын хувьд 20 гаруй байгаа. Эдгээрийг хөрөнгийн зах зээлд эхний ээлжинд гаргана гэж буй боловч “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК, Төрийн банк, Монголын Цахилгаан холбоо, Мэдээлэл, холбооны сүлжээ компани, Мэдээлэл, технологийн (IT) парк, Хөдөө аж ахуйн давхар даатгал зэрэг компани, байгууллагууд бий.

Нийгэмд үнэ цэнтэй томоохон компани, үйлдвэрүүдийг яагаад хувьчлахгүй байна гэсэн шүүмжлэл бий. Үүнийг Засгийн газар анхааран ач холбогдол өгөн ажиллаж байгаа. Тухайлбал, Засгийн газрын ХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Монросцветмет”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг томоохон үйлдвэр, компанийг олон нийтийн болгох талаар судалж, IPO хийх ажлыг яаралтай эхлүүлэх чиглэл өгсөн. Мөн УИХ-аас баталсан хувьчлалын үндсэн чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг дахин дахин хөндөж байгаа.

-Төрийн өмчит компаниуд IPO хийх нь мэдээж компаниудын засаглалыг сайжруулж, олон нийтийн болгох зорилготой. Гэтэл үүний өмнө корпорац, групп байгуулах зэргээр бас бүтэц, зохион байгуулалт хийж эхэлсэн. Энэ нь ямар зорилготой вэ?

-Тиймээ, бид уул уурхайн чиглэлийн томоохон нэр дурдсан ААН, үйлдвэрийг “Эрдэнэс Монгол” гэсэн корпорацийн бүрэлдэхүүнд оруулж, мөн дотор нь Зэс, металлын групп болон Нүүрс, дэд бүтцийн групп байгуулж байгаа. Энэ нь төрийн өмчит компаниуд олон толгойтой бус, бодлого нь нэг байдаг, нэг менежментээр хөрөнгө оруулалтаа хийдэг, компаниудынхаа хөгжлийн асуудлыг шийддэг, орлого нь Баялгийн сандаа орж төвлөрч байдаг, хамгийн гол нь мэргэжлийн хувьд ч тэр Засгийн газраас хараат байдалд ажиллах зорилготой юм. Ийм зохион байгуулалт, зарчмаар эхний ээлжинд явна. Энэ бол шинэ бүтэц биш. Бусад оронд хэрэгжиж буй туршлагыг судалж үзээд бид шийдвэрээ гарган хэрэгжүүлж буй үйл ажиллагаа юм.

Энэ нь юутай холбоотой гэхээр стратегийн гэж нэрлэгдэж буй уул уурхайн компаниудаас орж буй орлогын дийлэнх хувиар ард түмэнд үр өгөөжөө өгөх ёстой гэсэн Үндсэн хуульд орсон (6-гийн 2 дахь) заалттай уялдуулж буй юм. Үүнийг хэрэгжүүлэх үүднээс Баялгийн сангаар дамжуулан дээрх асуудлыг шийддэг байх юм. Баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн бариад байгаа. Гэхдээ бид энэ хууль гарахыг хүлээлгүйгээр, хууль гарахын урьтал болгон томоохон компаниудыг корпорацын бүтэц руу оруулах чиглэлийг Засгийн газар гаргаад хэрэгжүүлж эхэлж байна.

Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, 10-аад жилийн түүхтэй “Эрдэнэс Монгол” өмнө нь олигтой ажиллаж ирээгүй. Тиймээс одоо менежментийн үйл ажиллагааг нь бодитоор хэрэгжүүлэх талаар Засгийн газар шийдвэрлэж, дээрх зохион байгуулалтад оруулан бүтцийн том өөрчлөлт хийж байна гэв.

Тэрбээр, манай улсын хөрөнгийн зах зээлийн өмнөх 30 жилийн тогтолцоо угаас үр өгөөж муутай явж ирснийг хэлж байлаа. Цаашаа ийм байдлаар явж болохгүй нь харагдсан учир энд зоригтой өөрчлөлт хийж, олон улсын жишгээр компанийн засаглал нь хөгжсөн тийм байдал руу явахаас өөр аргагүй гэсэн юм.

Төрийн өмчит компани, ААН-үүдийн өмч хөрөнгө болон орлого нь нэмэгдээд буй хэрнээ өгөөж тааруу, улсад өгөх татвар нь олигтой нэмэгдээгүй явж ирснийг тэрбээр дахин тодотгож, 1991 онд Хөрөнгийн бирж байгуулагдан өмч хувьчлал явагдан, төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд хөгжиж эхэлсэн, 1996 оны Төрийн болон орон нутгийн өмчийн тухай болон Компаний тухай хуулиуд гарсныг дурдаж байлаа.

Сэтгэгдэл бичих