Бразилын домогт хөлбөмбөгчин, дэлхийн гурван удаагийн аварга Пеле 82 насандаа таалал төгслөө. Түүний жинхэнэ нэрийг Эдсон Арантис ду Насименту гэдэг бөгөөд Бразилын зүүн өмнөд нутгийн Минас-Жерайс мужид 1940 онд төржээ.
Пеле 17 настайдаа үндэсний шигшээ багт нэгдэж, 1958 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ анх удаагаа түрүүлэхэд нь хувь нэмрээ оруулсан юм. Энэхүү тэмцээний үеэр тэрбээр дөрвөн тоглолтод зургаан гоол оруулжээ.
Улмаар 1962 онд гэмтэлтэй байсан хэдий ч шигшээ багаа ДАШТ-д аваргын цолоо хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй. Мөн 1970 оны ДАШТ-д Бразилын шигшээ багаа ахлан зургаан тоглолтод дөрвөн гоол оруулснаар дахин аваргын цом хүртсэн билээ.
Пеле өөрийн гайхалтай ур чадвараараа дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчинд зүй ёсоор тооцогддог байв. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард бүдүүн гэдэснээсээ хавдар авхуулах мэс засалд орсноосоо хойш эмнэлэгт олон удаа хэвтэн эмчлүүлсэн байна.
Пелег таалал төгссөн талаар түүний албан ёсны “Instagram” хаягаар дамжуулан пүрэв гарагт мэдэгджээ. Дэлхийн хөл бөмбөгийн хаан гэгддэг тэрбээр 21 жилийн замналдаа 1363 тоглолтод оролцож, 1281 гоол оруулснаараа дэлхийн дээд амжилтыг тогтоосон билээ.