Б.Жавхлан: Хөрөнгийн бирж хувьцаа гаргаснаар төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох үйл явц эхэлж байн

оруулсан Алсын Хараа

“Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр боллоо.

Ёслолд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан оролцож арилжааг нээх цан цохилоо. Тэрбээр, 1991 онд байгуулагдсан Монголын Хөрөнгийн бирж төрийн өмчит компани өнгөрсөн 30 жилд түүхэн үүргээ гүйцэтгэж ирснийг онцолж, одоо хөрөнгийн зах зээлийн дараагийн аравны хөгжлийн загварыг бид хамгийн оновчтой, зоримогоор тодорхойлж, төр-хувийн хэвшлийн зохистой харилцааг хангах замаар төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг олон нийтийн хяналт, мэргэжлийн байгууллагуудын оролцоонд тулгуурлан нээлттэй хувьцаат компаниудыг хөгжүүлэх шинэ түүхэн цаг үе ирж буйг тодотголоо. Тодруулбал,  хөрөнгийн зах зээлийн ууган байгууллага Хөрөнгийн бирж хувьцаа гаргаснаар төрийн өмчит компаниудыг нээлттэй болгон олон нийтийн хяналтад оруулах хариуцлага бүхий түүхэн үйл явц эхэлж байна гэв.

Мөн УИХ, Засгийн газраас “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого дэвшүүлж, эдийн засгийн суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн стратегийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх үүднээс төрийн өмчит компниудын төрийн эзэмшлийн хувьцааг олон нийтэд санал болгох замаар төрийн хувь, оролцоог бууруулж, олон нийтийн хяналтаар дамжуулан санхүүгийн сахилга баттай засаглал, үйл ажиллагаа нь ил тод, үр ашигтай компаниудыг бий болгох ажыг үе шаттай зохион байгуулж буйг  хэллээ.

 Б.Жавхлан: Хөрөнгийн биржийн хувьцааг арилжсанаар уг зах зээлд олон нийтийн оролцоо, хяналт дээшилнэ.

“Бид энэхүү урт хугацааны хөгжлийн зорилтдоо хүрэх анхны шанг амжилттай татсан. Энэ удаагийн парламентаас Монгол Улсын хөгжил, цэцэглэлтэд маш том эерэг нөлөө үзүүлэхүйц бодлогын шийвэрийг гаргасан. Энэ нь 2022-2023 онд багтаан төрийн өмчит нийт 25 компани болон төрийн банкийг нээлттэй, олон нийтийн компани болгох УИХ-ын энэ оны 16 дугаар тогтоол юм" гэдгийг тэрбээр онцлон дурдлаа.

Тогтоол хэрэгжсэнээр төрийн өмчит компаниудад иргэд, олон нийтийн хяналт, оролцоог дээшлүүлэх нөхцөл бүрдээд зогсохгүй, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцож өгөөж хүртэх иргэд, олон нийтийн, нөгөө талаар хөрөнгийн зах зээлээр дамжуулан хөрөнгө босгож, санхүүжилт хийх компани, ААН-үүдийн тоо эрс нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа аж. Энд тэрбээр хоёрхон сарын өмнө хувьцаагаа гарган 7423 хувьцаа эзэмшигчтэйгээр олон нийтийн болоод буй Төрийн банкны хувьчлал системийн нөлөө бүхий банкуудаа түүчээлж буйг дурдлаа.

Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн хөгжлийг улам өдөөх нэг чухал алхам нь Монголын Хөрөнгийн бирж өөрөө төрийн өмчийн эзэмшлийн 34 хувьтай тэнцэх хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгож буй өнөөдрийн үйл явдал болж байна. МХБ-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд санал болгохдоо УИХ-аас баталсан бодлого, шийдвэрийг хэлбэртгүй дагаж мөрдүүлэн, хувьцаа худалдан авах захиалга өгсөн бүх оролцогч нарын хүсэлтийг хүлээн авч биелүүлэх зарчмыг нээлттэй баримтлан ажиллах ажээ.Ингэснээр төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох үйл явц эхэлж байна.

“Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай арилжааг нээж хэлэхдээ, хувьцааны захиалга өнөөдрөөс энэ сарын 30 хүртэл үргэлжилж, нэгж хувьцааг 100 төгрөгөөр үнэлэн, төрийн өмчийн эзэмшлийн 34 хувийг олон нийтэд санал болгосноор 11.9 тэрбум төгрөг татан төвлөрүүлнэ гэв.

Энэ 7 хоногт МХБ ТӨХК-ийн төрийн эзэмшлийн 34 хувьд хөрөнгө оруулах боломж олон нийт, хөрөнгө оруулагч нарт нээгдэж байна. Тодруулж хэлбэл, Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаа эзэмшигч нар болон үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй болон санхүүгийн үйлчилгээ үзүүлж компаниуд буй цааш олон улсын жишгээр явах боломжийг нээж буйг Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай онцоллоо.

Сэтгэгдэл бичих