Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум орчимд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөв

оруулсан Алсын Хараа

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн “Шарга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 125 км-т, сумын төвөөс урд зүгт 17 км-т энэ сарын 27-ны өдрийн 06.56.16 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна.

Монгол Улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд 7 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 20 гаруй удаа болжээ. Магнитуд нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд 4 удаа бүртгэгдсэн байдаг аж.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.

Сэтгэгдэл бичих