Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежментийн үүргийг жинхэнээр хэрэгжүүлнэ

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэртэй холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийх үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой үйл ажиллагааг танилцууллаа.

Тэрбээр мэдээллийнхээ өмнө дээрх компанийн гүйцэтгэх захирлыг саяхан, хоёр 7 хоногийн өмнө томилоод буйг товч дурдаж, үүнтэй холбоотойгоор тус компани цаашдаа цэвэр менежментийн компани болох ёстойг хэлж, энэ үүрэг чиглэлийн дагуу бүтцээ баталсан учраас энд ажилчдын нээлттэй сонгон шалгаруулалт явагдана, энэ талаар мэдээлж байна гэв.

“Эрдэнэс Монгол” ХХК байгуулагдаад 15 орчим жил болж буй хэдий ч өнөөдрийг хүртэл үндсэн үүргээ амжилттай хэрэгжүүлэх нөхцөл боломжоо бүрдүүлж ирж чадаагүйг тэрбээр тодотгов. Тус компани өнгөрсөн хугацаанд цэвэр менежментийн компани болж, зохион байгуулагдан гадаад, дотоодод хөрөнгө босгох, Төр-хувийн хэвшлийн түншлэлийг хангах, төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр анхаарч ажиллах ёстой байсан. Нэг ёсондоо “Эрдэнэс Монгол” ХХК менежментийн үүргээ жинхэнээр хэрэгжүүлж ажиллана гэдгийг онцоллоо.

Харамсалтай нь энэ үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн гүйцэтгэж ирж чадаагүй. Үүнийг Засгийн газрын өнгөрсөн 7 хоногийн хуралдаанаар хэлэлцэн дүгнэсэн гэв.

Цаашдаа “Эрдэнэс Монгол” ХХК нь “Эрдэнэт”, “Эрдэнэс Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг Монгол Улсын хөгжил дэвшилд томоохон хувь нэмрээ оруулах, дээрх компаниудын удирдлага, менежментийг оновчтой болгох, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарыг татан төвлөрүүлэх, ард иргэдэд хөгжин дэвжих тэр боломжийг олгон бүрдүүлэх, цаашид Монгол Улсын баялгийн болон хөгжлийн санг бий болгох чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулах томоохон компани байх юм гэв.

Тэрбээр тус компанийн бүтцийг шинэчилж, 88 орон тоонд сонгон шалгаруулалт зарлах гэж буйг мэдээллээ. "Эрдэнэс Монгол” ХХК нь 89 орон тоотой, 7 газар, 7 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Томилогдоод буй гүйцэтгэх захирлыг оролцуулахгүйгээр 88 орон тоонд сонгон шалгаруулалт хийх шийдвэр гарсан. Ур чадвартай мэргэжилтэнтэй, цалин хангамжийн хувьд Монголдоо топ компани байх учиртай гэв.

Ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс олон нийтийн дундаас шалгарсан багаа бүрдүүлж, үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Цаашлаад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 30 гаруй охин компанийн бүтцийг ийм зарчмаар ирэх оны эхний хагас жилд зохион байгуулна. Төрийн өмчийн компаниудад улс төрийн намын болон танил талын хүнээ ажилд оруулах буюу "шахааг" зогсоох ажлыг хийнэ гэдгээ Засгийн газрын ХЭГ-ын дарга мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих