"Цемент Шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар компанидаа учирч буй хохиролтой холбоотойгоор өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хөгжлийн Банк Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийг хариуцагчаар татаад шүүхдэлцэж байгаа ба манай үйлдвэрийг авах гэж байгаа. Өөрөөр хэлбэл Хөгжлийн Банкнаас сахал Д.Эрдэнэбилэг гэдэг хүний “Бейзмент” (Хөтөл ХХК) гэдэг нэртэй компани 2015 онд 61 сая ам.долларыг Хөтөл цемент шохойн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийнэ гэж авсан байдаг.
Тэр мөнгийг “Цемент Шохой” ТӨХК-аас нэхэмжлээд байгаа юм. Хөтөл ХХК болон “Цемент шохой” ТӨХК нь хоёр тусдаа компани. 61 сая ам.долларын өрийн зээлийн хүүг тооцвол өнөөдрийн ханшаар 340 орчим тэрбум төгрөг болж байна гэсэн. Энэ хэмжээний мөнгийг “Цемент шохой” ТӨХК-ийг хариуцагчаар татаад нэхэмжилж байгаа хэрэг.
Д.Эрдэнэбилэг гэдэг хүний төлөх ёстой өрийг Төрийн өмчит компаниас нэхээд байна. Энэ хүний төөрөгдүүлсэн Хөтөл ХХК манай “Цемент шохой” ТӨХК-д 375 тэрбум төгрөгийн хохирол учруулсан.
375 тэрбум төгрөгийн задаргааг харвал,
- 88 тэрбум төгрөг - Цементийг хөнгөлөлттэй үнээр болон хөрөнгө оруулалтын гэрээний дагуу борлуулсан
- 70 тэрбум төгрөг – ХХБ-аас зээл авч Хөтөл ХХК-д шилжүүлсэн
- 45 тэрбум төгрөг – цэвэр ашгийг бууруулсан
- 27 тэрбум төгрөг - татвар болон НДШ-ийн өр төлбөр
- 69 тэрбум төгрөг – гадаад валютын ханшийн алдагдал
- 44 тэрбум төгрөг - ХХБ-ны зээлийн хүү
- 27 тэрбум төгрөг – борлуулалтын орлогоос Хөтөл ХХК-д шилжүүлсэн
- 4 тэрбум төгрөг - "Хөтөл" ХХК-ийн өмнөөс шилжүүлсэн төлбөр орон сууцны асуудал байна.
Ингэж хохирлоо тодорхойлчхоод энэ луйварчдаас нэхэмжилж байгаа. Манай удирдлагын баг ажлаа аваад ес дахь сардаа ажиллаж байгаа бөгөөд холбогдох бүх санхүүгийн баримтыг АТГ-т өгсөн. Үр дүн гарна гэж найдаж байна" гэв.