Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг иргэнээс “COVID-19” халдвар илэрчээ. Ингэснээр “COVID-19” халдвар авсан хүний тоо 12 болсныг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн /2020.03.28/ мэдээллийн үеэр танилцуулав.
Монгол Улсын Засгийн газар хилийн чанадад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай 1000 орчим иргэнээ тусгай нислэгээр эх оронд нь авчирсан. Тусгай нислэгээр авсан бүх хүний шинжилгээний хариу гарсан бөгөөд нийт 11 хүн халвар авсан нь тогтоогдож буй юм. Үүний өмнө Франц улсын нэг иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байна. ХӨСҮТ-өөс тусгаарлалтын хугацаанд дахин шинжилгээ хийх юм. Иргэд эрүүл мэндийн байгууллагын заавар, зөвлөгөөг дагасан тохиолдолд вирусийг тархаахгүйгээр барих, өвдсөн хүмүүсээ эдгээх бүрэн боломжтой гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү онцолсон юм. Тэрбээр, “Тусгаарлах байранд байгаа иргэдэд халуун бууруулах болон өвдөлт намдаах эм огт оруулахгүй байгаа. Харин даралт бууруулах болон чихрийн шижингийн зэрэг өдөр бүр хэрэглэдэг эмийг нь өгч байгаа юм. АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн 1200 оюутан багш нарынхаа хамт оршин сууж буй газрынхаа эрүүл мэндийн байгууллагад ажиллах хүсэлт ирүүлсэн. Эдгээр оюутан даваа гарагаас эрүүл мэндийн байгууллагуудад ажиллана” гэлээ.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар халдварын сэжигтэй 220 хүнийг тусгаарлаад байна. Харин улсын хэмжээнд 3837 иргэнийг ажиглалтад авснаас 2390 иргэн тусгаарлалтад байгаа юм. Эдгээр иргэнд 320 эмч, эрүүл мэндийн ажилтнууд үйлчилж буй юм. Харин галт тэрэгэнд 14 эмч, бага эмч ажиллаж байгаа бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээллээ.
Нийгмийн сүлжээ буюу фейсбүүк, твиттер ашигладаг иргэд хээрийн эмнэлэг байгуулж, сэжигтэй хүмүүсийг тусгаарлах хэрэгтэй гэсэн санал гаргаад буй. Олон улсад халдвар тархаж эхэлсэн цагаас ЭМЯ-наас хээрийн эмнэлэг байгуулах асуудлыг судалсан бөгөөд Монгол Улсын цаг агаарын нөхцөл байдлын улмаас уг эмнэлгийг байгуулах боломжгүй хэмээн үзжээ. Мөн одоогоор тусгаарлах байр хангалттай байгаа гэдгийг мөн дурдсан юм.