АТГ-аас нүүрсний хулгайн асуудалд холбоотой 17 хүний нэр зарласан. Тэдгээрээс гадна 17 хүнийг цагдан хорьж, 50 хүнийг яллагдагчаар татсан байна. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа мэдээлэл өглөө. Тэрбээр “Зарласан 17 хүнийг шалгах ажил эхэлж байна. Одоогоор нийт 3000 орчим хүн байцааж, 70 объектод нэгжлэг хийж, 34 үл хөдлөх хөрөнгийг битүүмжиллээ. Цаашдаа энэ тоо хэд хүрэхийг мэдэхгүй. Иргэд шуурхай ажиллахыг шаардаж байна. Тиймээс бид нүүрсний хэргийг шуурхай шалгаж, ямар нэг этгээдэд давуу байдал олгож, ял завшуулахгүйгээр ажиллах болно. Асуудлыг шалгаад шийдвэрээ гаргана. Хүмүүсийг яллагдагчаар татъя гэдэг саналаа прокурорт өгнө. Нэр холбогдсон гишүүдийн дуудаж байцаасан. Хүн дуудаж байцаахын тулд баримттай байх ёстой. Тэр баримтаа нотлох баримт болгоно. Одоо нотолгооны ажил явагдаж байна. Гэм бурууг тогтооход хугацаа хэрэгтэй. Нүүрсний хулгайд олон төрлийн гэмт хэрэг байна. Зарим нь цагдаад зарим нь манайх шалгах хэрэг байна. Олон жолооч нараас тайлбар мэдүүлэг авч байна. Тэднийг хулгайлсан гэж байгаа юм биш. Тодорхой хэмжээгээр хил гаралт, эзэмшигч компаниудын нийгмийн даатгал төлөлт зэргийг харж байна. Ажил нэлээн өргөн хүрээнд үргэлжилнэ. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тухайд, хилийн хориг тавих асуудлыг мөрдөгч, прокурор бие даан шийдвэрлэнэ. Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас хэдэн асуудалд тайлбар авсан. Үүний хүрээнд мөрдөгч дүгнэлт хийж, таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай эсэхийг шийднэ. Өчигдөр гурван Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, Н.Алтанхуяг нарыг гэрчээр дуудаж тайлбар мэдүүлэг авлаа. Цаашдаа шалгах шаардлагатай хэнийг ч үлдээхгүй, хэнийг ч завшуулахгүй, хэнийг ч хэлмэгдүүлэхгүй. Одоогийн байдлаар 50 хүнийг яллагдагчаар татсан, 17 хүнийг цагдан хорьсон. Яллагдагчаар татагдсан хүмүүсийн дунд УИХ-ын гишүүн байхгүй. Яллагдагчаар татагдсан хүмүүсийн дунд ихэвчлэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн холбогдолтой хүмүүс байна" гэлээ.