ИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж буй Ерөнхий хяналтын сонсголд Сангийн сайд Б.Жавхлан оролцож, мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Нүүрс экспортлогч аж ахуй нэгжүүд 1995-2022 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд 336.4 сая тонн нүүрс экспортолсон байна. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, 10 их наяд төгрөгийн татвар авсан. Нүүрсний хэрэгтэй холбогдуулж нэгдүгээрт тээвэрлэлтийн явцад орлогоо нуун дарагдуулах, дутуу тайлагнаж татвараа бүрэн төлөхгүй байх, хоёрдугаарт оффтэйк ба бусад гэрээ хийх замаар үнийн хөнгөлөлт үзүүлж хямд үнээр гэрээ хийн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг хохироосон, гуравдугаарт, хилийн хяналтын байгууллагад бүртгэлгүй эсвэл хоосон гэж бүртгүүлсэн тээврийн хэрэгсэл, түүний тоо хэмжээ зөрсөн, дөрөвдүгээрт, “Эрдэнэс тавантолгой” ХК -ийн эзэмшлийн нүүрсний мөргөцгийг зөвшөөрөлгүй авч ашигласан, тавдугаарт хэт өндөр, бодит бус төсөвт өртөгтэй төслүүдийг санхүүжүүлэх зэргээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг хохироосон байж болзошгүй асуудлыг шалгаж байна.
Татварын байгууллага 2011-2022 онд нүүрсний 177 компанид 239 удаагийн шалгалтыг явуулж, 1.6 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 295 тэрбум төгрөгийн акт тавьсан. Экспортлосон нүүрснээс АМНАТ-ыг амны үнээр бус хил нөхцөлөөр тооцож авдаг байсан. Тиймээс АМНАТ-аас бид алдсан зөрүү харьцангуй бага. Гаалийн байгууллага 2013-2018 онд дотоод хяналт шалгалтыг хийж, дараах үйлдлийг илрүүлэн хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Үүнд:
1.Гэрээгүй болон гэрээнээс илүү тоо хэмжээгээр экспортын бүрдүүлэлт хийсэн явдал гарсан. Нийт 21 компани гэрээнд заасан хэмжээнээс 1.0 сая тонн нүүрс илүү экспортолсон ба 12 компани эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортолсон.
2.Улсын хилээр хоосон гэж бүртгүүлж гарсан тээврийн хэрэгслийг тогтоох хүрээнд Гашуунсухайт боомтоор 86 компанийн 2527 тээврийн хэрэгсэл олон удаагийн давтамжтай Гашуунсухайт боомтоор ачаагүй гэсэн бүртгэлээр гарсан. Жишээлбэл, “М” ХХК гэх нэг компани 102 машинаар 789 удаа ачаагүй, “У” гэх компани 5 машинаар 975 удаа хилээр хоосон гарсан байна.
3.Экспортын гаалийн бүрдүүлэлтгүй улсын хилээр гарсан байж болзошгүй буюу 3758 тээврийн хэрэгслээр нийт 379 мян.тонн нүүрс экспортолсон гаалийн мэдүүлэг олдоогүй. Түүнчлэн “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс таван толгой” ХК-ийн эзэмшлийн хил давж 340,092 тонн нүүрс зөвшөөрөлгүй олборлож ашигласан нь тогтоогдсон. Үүнээс энэ оны 11 сарын байдлаар нийт 69,427.8 тонн нүүрсийг буцаан байршуулсан акт үйлдэж, 270,665.1 тонн нүүрсний авлагатай хэвээр байна” гэлээ.