Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол иргэдийн шаардлагын дагуу 13:00 цагт Их танхимд хийхээр болж хойшлоод байна.
Тэгвэл уг сонсголд оролцуулахыг шаардсан зарим жагсагч Төрийн ордны баруун хаалганы дэргэд нүцгэн суулт зарлаж байна.
Тэдний гол шаардлага нь Ерөнхий сайдтай уулзах, мөн нүүрсний хулгайн нээлттэй сонсголд оролцуулахыг шаардаж, эл асуудал шийдэгдэх хүртэл хувцасгүй суухаа илэрхийлж байгаа юм.
Нүцгэн суулт зарласан иргэд “Монголчуудаа эвтэй бай”, “Шударга ёсыг шаардаж байна”, “Бид нар ингэж амьдарч чадахгүй”, “Биднийг сонс”, “Эх орондоо аюулгүй, сайхан амьдрах ёстой” хэмээн хашхирч байна.
Тухайн нүцгэн суулт зарласан иргэдийг осголтын нэгдүгээр зэрэгт орсон гэдгийг эмчийн үзлэгийн баг сануулж, 2-3 хүн ухаан алдсаныг, эмнэлгийн машинаар авч явлаа.
Үүссэн нөхцөл байдлын талаар Цагдаагийн Ерөнхий Газраас тодруулахад “Нүцгэн байгаа залууст эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхээр ирсэн. Үүнд цагдаагийн байгууллагаас дэмжлэг туслалцаа үзүүлж одоо эрүүл мэндийн байгууллагын машинууд тухайн хүмүүсийг авч явахаар ирсэн байна” гэв.
Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал 17 дахь өдрөө Төв талбайд үргэлжилж байна.