"Энержи Ресурс", "Эрдэнэс Тавантолгой" нүүрсээ цахимаар арилжихад бэлэн болжээ

оруулсан Алсын Хараа

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар нүүрсийг цахимаар арилжих бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал танилцуулгадаа, “Өнгөрсөн 11 сарын байдлаар манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нийтдээ 10.2 тэрбум ам.долларын орлогыг төвлөрүүлсэн байна. Энэ нь Монгол Улсын нийт экспортын 93 орчим хувь, ДНБ-ий 20-25 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна гэсэн үг. Үүнд нүүрс, зэсийн баяжмал хамгийн том хувийг эзэлдэг. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын үнийн дүнгээр аваад үзвэл дийлэнх нь төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниар дамжуулан экспортод гардаг. Эдгээр компаниудын борлуулалт цахим биржээр дамжуулан илүү нээлттэй, ил тод болох юм. Жишээлбэл, "Эрдэс Тавантолгой" ХК-ийн нүүрс борлуулалтын үнийг авч үзэхэд сайн чанарын коксжсон нүүрс ам нөхцөлөөр 110 орчим ам.доллароор худалдаалагдаж, БНХАУ-ын талаас НӨАТ болон бусад жижиг зардлуудаа хассан цэвэр үнийг харахад 200-230 ам.доллар байх жишээтэй. Тэгэхээр энэ 120 орчим ам.доллар бол тээвэрлэлтийн зардал, дундын хөөсрөлтэй холбоотой. Тиймээс бид хамгийн түрүүнд цахим биржийн харилцааг хуулийн хүрээнд зохицуулж, хил нөхцөлөөр нүүрсээ худалдах боломжийг бий болгох хэрэгтэй. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийн гол агуулга бол төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд заавал уул уурхайн биржээр дамжуулж экспортоо хийнэ. Мөн цахимаар арилжаалж байгаа бүтээгдэхүүн хил үнээр биржид борлуулагдана. Ам нөхцөл байхгүй. Ингэснээр байгалийн баялгийг олон улсын зах зээлд илүү ойртсон үнээр борлуулах боломжтой болно. Уул уурхайн бүтээгдэхүүний бирж бол бусад арилжааны биржээс өөр. Арилжаа хийх зарчим нь ижил ч онцлогтой салбар. Нэг ёсондоо бирж дээр хувьцаа, бонд биш нүүрс, төмрийн хүдэр, зэс, хайлуур жонш зэрэг биет бүтээгдэхүүн арилжаалагдана. Тэгэхээр логистикийн төв, итгэмжлэгдсэн агуулах, лаборатори зэргээр дэд бүтэц бий болох зайлшгүй шаардлагатай. Ингэснээр худалдан авагч чанартай, итгэмжлэгдсэн лабораториор хянагдсан бүтээгдэхүүнийг хугацаанд нь хүлээж авах боломжтой болно. Энэ нөхцөл боломжийг бэлэн болтол хүлээнэ гэвэл маш их хугацаа алдана. Харин өнөөгийн нөхцөлд байгаа итгэмжлэгдсэн лаборатори, чингэлэг тээврийн терминалийг ашиглаад эхлэх боломж байгаа учраас Засгийн газрын түр журмын хүрээнд биржийн арилжаа хийнэ” гэв.

Үргэлжлүүлэн Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулга хийсэн. Тэрбээр, "Уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах платформгүйгээс бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлийн үнээс доогуур байх нөхцөл бий болоод байна. Энэ асуудлуудыг үндсээр нь шийдвэрлэх Монголын баялаг, уул уурхайн бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчид нь шууд санал болгох, борлуулах боломжийг цахим бирж бий болгоно. Төрийн нийтийн өмч болох байгалийн баялаг, нүүрсийг төр хариуцаж худалдан борлуулах үүрэгтэй. Гэхдээ хувийн хэвшил, иргэдийн оролцоо заавал байж ил тод, нээлттэй болно. Иймд уул уурхайн бирж цаашдаа хувийн хэвшлийн оролцоотой ажиллах ёстой. Энэ ажлын эхлэлийг тавьж, цаг үеийн нөхцөл байдал, иргэдийн эрүүл, шударга шаардлагыг хүлээн авч, Засгийн газраас “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан. Ингээд ирэх жил төрийн өмчит уул уурхайн компаниуд нэгдсэн цахим системд холбогдож баталгаатай, хяналттай нүүрс олборлож, тээвэрлэж, экспортолж эхлэх нь тодорхой боллоо. Одоогоор технологид суурьтай 10 орчим бирж байна" гэлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн "Цахим биржийн арилжаа явагдсанаар нүүрсний арилжаа гаднын хөрөнгө оруулагч нартай илүү явагдана. Энэ тохиолдолд гадаад валютаар илэрхийлсэн худалдан авалт явагдах ёстой. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Монголбанкны зөвшөөрлөөр эрхлэх боломжтой. Нүүрс арилжааны нөхцөлийн тухайд худалдагч тал арилжааны зарыг таван өдрийн өмнө тавьсан байх ёстой. Түүнээс гадна нүүрс худалдан авагч нар дэнчинг арилжаа эхлэхээс 30 минутын өмнө арилжаа эрхлэх байгууллагын монголын арилжааны банкны дансанд байршуулахаар зохицуулсан. Экспортын гэрээг долоо хоногийн дотор байгуулна. Уг гэрээний загварыг Монголын хөрөнгийн бирж баталж гаргаж байгаа. Төлбөр тооцоог ажлын таван өдрийн дотор нүүрс худалдагч талын дансанд шилжүүлэх ёстой" гэв.

Нүүрсний цахим арилжааг зохион байгуулах явцын талаар Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хэлэхдээ, "Уг арилжааг нээлттэй, ил тод, оролцогчдыг эрх ашгийг тэгш байдлаар хангаж зохион байгуулах, зах зээлийн бодит үнийг тогтоох, нүүрсний үнэ, гэрээний мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэж ажиллана. Арилжааны хэлцлийн үр дүнд үүссэн төлбөр тооцооны үүргийг тодорхой бүртгэх, мөн экспортын гэрээг байгуулах төлбөр тооцооны найдвартай гүйцэтгэлийг хангаж ажиллахаар бэлтгэлээ хангаж байна. "Энержи Ресурс" ХХК, Эрдэнэс Тавантолгой" ХК-тай туршилтын арилжааг хийх бэлтгэл ажлаа бүрэн хангасан" гэлээ.

Сэтгэгдэл бичих