“Хү” хамтлагийн “This Is Mongol” дууны клип шилдгээр тодорчээ

оруулсан Алсын Хараа

/Louder Sound/. “Хү” хамтлагийн “This Is Mongol” дууны клип Их Британийн “Metal Hammer” хүнд металл, рок хөгжмийн сэтгүүлээс жил бүр тодруулдаг оны шилдэг 10 дууны клипийн нэгээр шалгарчээ.

Тодруулбал, Германы “Rammstein” хамтлагийн “Adieu”, Шведийн “Sabaton” хамтлагийн “Race To The Sea”, Монголын “Хү” хамтлагийн “This Is Mongol”, Германы “Electric Callboy” хамтлагийн “Spaceman”, Германы “Kreator” хамтлагийн “Midnight Sun”, Америкийн “Lorna Shore” хамтлагийн “Pain Remains III: In A Sea Of Fire”, Шведийн “Avatar” хамтлагийн “The Dirt I'm Buried In”, Финландын “Insomnium” хамтлагийн “Lilian”, Норвегийн “Trollfest” хамтлагийн “Dance Like A Pink Flamingo”, Их Британийн “Ithaca” хамтлагийн “They Fear Us” дууны клипийг шилдгээр нэрлэсэн байна.

“This Is Mongol” дууны клипийн талаар сэтгүүлд бичихдээ, “Монголын металл урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Хү” хамтлагийн дууны клип бүрийг үзсэн бол та тэдний төрөлх нутаг руу аялахаар зэхэж байж болох юм. Дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй тус хамтлаг уран бүтээлүүдээ эх орныхоо зэрлэг онгон байгальд дүрсжүүлдэг. Харин “This Is Mongol” дуугаа бүтээхдээ АНУ-ын Невада муж улсад орших Мохаве цөлийг зорьсон байна. Гэсэн ч урьд урьдынх шигээ үнэхээр гайхалтай болсон тул гомдоллох аргагүй юм” хэмээжээ.

Сэтгэгдэл бичих