ОХУ-ын иргэн 223 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийж, мөнгө угаасан байж болзошгүй

оруулсан Алсын Хараа

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт нийт 388 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Энэ дунд авлига, албан тушаалын зургаан хэрэг багтаж байна. Тухайлбал, "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан М, тус компанийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Ж, “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн менежер Б, П нар нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий компаниудын гүйцэтгэх захирлуудаас хахууль авч бусдад давуу байдал бий болгосон, эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахуул өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1-д /Мөнгө угаах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан М, мэргэжилтэн Н, Х нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар харьяа шүүхэд шилжүүлжээ.

Түүнээс гадна ОХУ-ын иргэн их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн нэг хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. Тодруулбал, “Валестия” ХХК-ийн гүйцэтгэх захирал ОХУ-ын иргэн С нь 222,965,153.2 төгрөгийн буюу их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх, 18.6 дугаар зүйлийн 2.2-т /Мөнгө угаах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн тухай албаны эх сурвалж мэдээллээ.

Сэтгэгдэл бичих