С.Шаарийбуу: Малайз руу захидал бичсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баярлалаа

оруулсан Алсын Хараа

Малайз улсад амь үрэгдсэн Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу, өмгөөлөгч Б.Баяр нар Малайз улсын анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Мэдээ.МН

Талийгаачийн аав С.Шаарийбуу "Би охиноо их санадаг. Санахгүй байхын арга байхгүй. Энэ хэвлэлийн хурлын эхэнд түүнийгээ дурсаж нэг минут хүндэтгэл үзүүлье...

Охиноо амь эрсэдсэн өдрөөс хойш эцэг би ардчиллын сонгодог орны нэг Азийн бар гэгддэг Малайзын мангасуудтай нүүр тулсан. Шулуухан хэлье, би тэр ардчиллыг хүмүүнлэг, шударга зүйл байх болов уу гэж анхандаа итгэсэн. Бодит байдал дээр бохир болгонтой тулсан.

Юун түрүүнд энэ хэрэг яагаад ингэж олон жил болов гэдэг асуулт үүсэж байна. 2006-2018 он хүртэл 12 жил эрүүгийн хэргийг шийдэх гэж явлаа. Бараг бүтэлгүй талдаа явсан. Боломж ч ховорхон байсан. Ингээд гурав хоногийн өмнө анх удаа Разак Багиндаг аллагын захиалагч нь мөн гэдгийг тогтоолоо. Гэхдээ Р.Багиндаг одоо шийтгэхгүй байх л даа. Тэр хүн гардаж хийгээгүй. Гэхдээ тэр захиалагч мөн. Энэ үнэнийг тогтоож өгч чадахгүй дээ гэж бодож байсан. Хууль чаддаг юм байна. Ийм өдөр ирдэг юм байна.

Шүүхийн шийдвэрт хүрч, нөхөн олговор олгосон тухай хэдэн тоонд битгий анхаарал хандуулаарай. Би баярлахгүй байна. Хүний амь гэдэг иймхэн юмаар дуусдаг юм биш. Үр хүүхэд гэдэг эцэг хүн, төрөл садан, хэнд ч дахиад нөхөх боломжгүй. Харин Малайзын шүүх хэзээ нэгэн цагт ийм шийдвэрт хүрнэ гэдэгт итгэлтэй байсан. Надад нөхөн төлбөрийн мөнгө сонин биш. Уучлаарай гэдэг ганц үгийг хэлүүлэх гэж 16 жил өөрийгөө ломбардах нь холгүй явлаа. Би охиноо маш их санадаг. Тухайн цагийн аясаар чаддаг, мэддэгээрээ амьдрах гэж зүтгэсэн олон мянган залуусын нэг нь миний охин байсан. Нэг иргэнийхээ төлөө . Миний хүү шиг л хүн, амжилт хүснэ ээ." гэсэн юм.

"МАГАДГҮЙ ЭНЭ ХЭРЭГ 100 ЖИЛИЙН ДАРАА ШИЙДЭГДЭЖ МЭДНЭ ШҮҮ. ЧИ ТЭВЧЭЭРТЭЙ БАЙГААРАЙ" ГЭЖ ӨМГӨӨЛӨГЧ МААНЬ ХЭЛЖ БАЙСАН

Мөн тэрбээр "12 жилийн хугацаанд тухайн үеийн төрд үйлчилдэг шүүх, цагдаа, тэдэнд зөвлөдөг гадаад, дотоодын мэргэшсэн хуулийн томоохон фирмүүд бүхэл бүтэн институт нэг талд нь зогссон. Нөгөө талд нь хохирогч би ганцаараа заргалдсан. Тухайн үед "Магадгүй энэ хэрэг 100 жилийн дараа шийдэгдэж мэднэ шүү. Чи тэвчээртэй байгаарай. Эрүүгийн хэргийг чинь би тууштай шийдэж өгнө" гэж Малайзын талын өмгөөлөгч маань надад хэлж байсан.

С.Шаарийбуу: Бидний амьдрал охиноо алдсан өдрөөр дууссан | News.MN

Хэрэг яагаад илрэх боломжтой болсон бэ гэдэг нь дараагийн асуудал. Охин минь баригдахын өмнөх өдөр мэдүүлэг өгсөн байдаг. Миний амь нас дээсэн дөрөөн дээр байна. Хэрвээ ямар нэгэн асуудал болбол Р.Багинда үүнийг шийднэ. Түүнээс л асуудлыг тавиарай гэж бичээд компьютер дээр шивсэн байдаг. Энэ улсаас буцаад гаръя гэхээр гарц байдаггүй. Энэ замаар маш олон монголчууд Малайзад хэлмэгдсэн.

Аллагыг үйлдсэн офицеруудын нэг нь нутагтаа, харин нөгөө нь Австралид байна. Тэд ”Манай ерөнхий сайд намайг өрөөндөө дуудаад Малайз улсын аюулгүй байдалд онц ноцтойгоор нөлөөлөх гадаадын тагнуул эмэгтэйг устгах хэрэгтэй байна. Чи үүнийг хэрэгжүүл гэж үүрэг өгсөн" гэж мэдүүлдэг. Захиалгат хүн амины хэрэг хийснийхээ төлөө тэд 300 сая ринггит авсан гэж мэдүүлж байсан. Ингээд л аймшигт хэргийг үйлдсэн байдаг юм" гэлээ.

"БАРИВЧЛАГДСАН МОНГОЛЧУУД ӨВДГӨӨ ЦООРТОЛ ЦЕМЕНТЭН ШАЛАН ДЭЭР СУУЖ, МАЛАЙЗЫН ТӨРИЙН ДУУЛЛЫГ ТЭДНИЙ ХЭЛ ДЭЭР УНШДАГ ЮМ БИЛЭЭ"

Үргэлжлүүлэн "Шүүх анхнаасаа хуулиа умартсан. Эрх мэдэлтнүүдийн төлөө 12 жил ажилласан. Ингээд Разак Наджиб засагласан 12 жил өнгөрч байгаа юм. Монголын олон иргэн Малайзад амь насаа алдсан, хийгээгүй гэмт хэргийнхээ төлөө гүтгэгдсэн, хүний наймааны золиос болцгоосон. Надаас бусад нь юунд ч хүрч чадаагүй болохоор би тэдний өмнөөс хариуцлага хүлээсэн. Ямар ч гэсэн эцсээ хүртэл явна гэж шийдсэн.

С.Шаарийбуу: Алтантуяаг битгий мартаарай

Малайзад онгоцоор яваад очно, тэндээс буухаар нь орсон гэж паспорт дээр нь дардаг. Гэхдээ компьютер дээрх бүх мэдээллийг нь устгадаг юм байна. Ингээд л араас нь дагаж очоод хууль бусаар орж ирсэн гэж элдвээр шахна. Маш олон монгол залуус ийм байдалд орсон, нэлээд хэд нь амь насаа алдсан. Ийм ертөнц рүү олон хүн орсон. Зарим нь намайг авраач, аваач гэж хашхирсаар амиа алдаж, захын үүдэнд дүүжлүүлсэн байдаг. Тэдний буруу биш, цөмөөрөө амьдрахын тулд гаднын орныг зорьсон. Гадаад руу сурч, амьдрахаар явж байгаа олон хүнд хэрэг болох болов уу гэж хэлж байна. Нэг л удаа би ярина. Олон дахин ярьж чадахгүй. Баривчлагдсан монголчууд өвдгөө цоортол цементэн шалан дээр сууж, Малайзын төрийн дууллыг тэдний хэл дээр уншдаг юм билээ. Ийм хүн маш олон байдаг. Надтай уулзсан хүн ч бий" хэмээлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссан. Тэгэхээр Р.Багиндад эрүүгийн хариуцлага ногдуулах асуудал яригдахгүй байх. Харин иргэний хариуцагчаар гэм буруутайг тогтоосон. Энэ утгаар дөрвөн хариуцагч нийлээд хохирлыг төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан. Р.Багинда тодорхой хэмжээний мөнгөн төлбөр төлөх хариуцлага хүлээж байгаа гэдгийг өмгөөлөгч Б.Баяр хэлэв.

Сэтгэгдэл бичих