Л.Энх-Амгалан: 1,200 хүүхэд байгууллагын цэцэрлэгт хамрагдах боломж бүрдсэн

оруулсан Алсын Хараа

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар “Боловсролын салбарын хөрөнгө оруулалт” сэдвээр салбарын сайдын мэдээллийг сонсов.

Боловсролын салбарын төслүүдийн үлдэгдэл санхүүжилтийг хэрхэн зарцуулж буй талаар салбарын сайд Л.Энх-Амгалан "2022 оны улсын төсөвт нийт 430 төсөл арга хэмжээ буюу 1.4 их наяд төгрөгийн өртөгтэй, санхүүжих дүн нь 356 тэрбум төгрөгийн ажлыг хэрэгжүүлж байна.

Цар тахлаас үүссэн цэцэрлэг сургуулийн барилгын төсөвт өртөг нэмэгдсэн бодит асуудал үүссэн. 2023 оны төсөв батлахад төсөвт өртгүүд нь нэмэгдэж буй төсөл арга хэмжээний санхүүжилтийг 100 орчим тэрбум төгрөгөөр хэмжээнд шийдвэрлэж чадаж байгаа. Цаана нь 155 төсөл арга хэмжээний нийт 200 гаруй төсөвт өртгийн эх үүсвэр зайлшгүй шаардлагатай байгаа. 200 тэрбум төгрөг гэж бодит тоо хэлэхэд хүндрэлтэй байна. Яагаад гэвэл Барилгын хөгжлийн төв, аудитын байгууллагаар орж баталгаажих ёстой.

2022 оны төсвийн гүйцэтгэлийн хувьд одоогийн байдлаар 200 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. Оны төгсгөлд 364 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгээд 74 хувийн гүйцэтгэлтэй байх болов уу гэж бодож байна. Гүйцэтгэл муу гарч байгаа 80 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр үлдэж байгаа. Гүйцэтгэл нь 80 дээш хувьтай гарсан төсөл арга хэмжээг санхүүжүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Сангийн сайд бид хоёрын тушаал удахгүй гарна" гэлээ.

Цэцэрлэгийн талаар "Олон жил үргэлжилсэн сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халсан. Байгууллагын цэцэрлэг гэдэг шинэ тогтолцоог гаргаж ирж дэмжиж байгаа. Уг цэцэрлэгийг хувьсах зарлаар нь дэмжиж байна. Сайн жишгүүд гарсан.  Энэ жилийн хувьд 1,200 орчим хүүхэд байгууллагын цэцэрлэгт хамрагдах боломж бүрдсэн" гэдгийг хэллээ.

Сэтгэгдэл бичих