Өсөн нэмэгдэж буй зорчигч урсгал, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Монгол Улс, Турк улсын агаарын тээвэрлэгчид Истанбул–Улаанбаатар чиглэлд дурын агаарын хөлгөөр 7 хоногт 7 хүртэл, Анкара, Антальяа чиглэлд дурын агаарын хөлгөөр 7 хоногт 5 хүртэл давтамжтай нислэг үйлдэхээр тохиролцлоо.
Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөх Д.Эрдэнэбат, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчидтэй агаарын харилцааны талаар уулзах үеэрээ ийнхүү тохиролцжээ. Мөн өмнө нь 2 улсын хооронд агаарын нэг тээвэрлэгч томилгоо авч нислэг хийх эрхтэй байсныг олон тооны агаарын тээвэрлэгч томилогдон нислэг үйлдэж байхаар тохиролцжээ.
Уулзалтаар 2 талаас томилогдсон агаарын тээвэрлэгчид хоорондоо “Сode sharing” буюу аяллын дугаар хамтран ашиглах зохицуулалтаар гуравдагч орон руу нислэг үйлдэх зохицуулалт хийхээр болсон байна. Иймд “МИАТ” ТӨХК, “Туркиш Эйрлайнс” компани хамтран эхний ээлжинд Амстердам, Барселона, Брюссель, Ром, Франкфурт, Вашингтон, Чикаго, Вена, Варшав, Цюрих хот руу аяллын дугаар хамтран ашиглах зохицуулалтаар нислэг үйлдэх бөгөөд бусад улстай мөн адил зохицуулалт тохирч, АНУ зэрэг улс руу хямд үнээр зорчих боломж бүрдүүлснийг ЗТХЯ мэдээллээ.