Бүх цаг үеийн шилдэг хөл бөмбөгчинд тооцогддог Бразилын домогт тамирчин Пеле саяхан сошиал хуудсандаа Катар 2022 тэмцээнд амжилт гаргасан баг тамирчдад баяр хүргэжээ.
“Өнөөдөр хөл бөмбөг урьдын адил сэтгэл хөдөлгөм түүхээ ярьсаар байна. Месси хөдөлмөрийнхөө үр дүнг амсаж, ДАШТ-д анх удаа түрүүллээ. Миний найз Мбаппе шигшээ тоглолтод найман гоол орууллаа. Энэ бол манай спортын ирээдүйг харуулсан гайхалтай сайхан бэлэг юм. Би бас гайхамшигтай амжилт гаргасан Мароккод баяр хүргэхгүй өнгөрч чадахгүй нь. Африк тив гялалзахыг харах үнэхээр сайхан байлаа. Аргентинд баяр хүргэе! Диего одоо инээмсэглэж байгаа нь гарцаагүй” гэж одоо 82 настай Пеле бичсэн байна.
Ингэхдээ тэр 1986 оны ДАШТ-д түрүүлж байсан Аргентины өөр нэг од Диего Марадонагийн нэрийг дурссан юм. Марадона 2020 оны арваннэгдүгээр сард 60 насандаа өөд болж байжээ. Түүний 10 дугаартай өмсгөлийг Месси залгамжлан өмсдөг болсон юм.
"Катар 2022" тэмцээний үеэр Мбаппе бүх ДАШТ-ий түүхэнд есөн гоол оруулсан хамгийн залуу тамирчин болж, Пелегийн өмнөх дээд амжилтыг эвдээд байгаа. Тэрбээр өөрийнх нь дээд амжилтыг эвдсэн Mбаппед өмнө нь бас баяр хүргэж байжээ.
ДАШТ-ий шигшээ тоглолтод ирүүл тулаан хийсэн Месси, Мбаппе нар Францын Ligue 1 лигийн Пари Сен Жермен клубт тоглодог юм. Тэд энэ сарын 28-ны өдөр Страсбург клубтэй тоглох хуваарьтай байна.
Эх сурвалж: goal.com