Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
1. Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд санал авах тухай Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд нийт шүүгчийн хуралдаанаас хууль санаачлагчид тодорхой саналуудыг хүргүүлэхээр тогтов.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах тухай Захиргааны хэргийн танхимын саналыг хэлэлцэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зүйлүүдэд заасан “татгалзан гарах үндэслэл”, “татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэх журам”, “татгалзан гаргасны үр дагавар”-т тус тус холбогдох хуулийн заалтуудыг албан ёсоор тайлбарлаж, тогтоол баталлаа.
3. Их Монгол Засахуй Ухаан Нам (ИМЗУН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг хэлэлцээд “Намыг үүсгэн байгуулах хурал зохион байгуулж явуулах газар, хугацааг 2 сарын өмнө төлөөлөгчдөд мэдэгдсэн байх, 801-ээс доошгүй гишүүнтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй, намын гишүүдийн тоо 801-д хүрээгүй, үүсгэн байгуулагчдын хурлын товыг төлөөлөгчдөд хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй байх тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэлээ.
4. “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайлбал, Улс төрийн намын тухай хуульд нэрлэн заасан 8 асуудлаар Улсын дээд шүүх бүртгэл хөтлөх, бусад асуудлыг шүүхээс бүртгэх бүртгэлд хамаарахгүй гэж, зөрчлөө арилгахгүйгээр дахин хандсан, мөн шаардлага хангаагүй өргөдлийг Нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр Захиргааны хэргийн танхим шийдвэрлэж байхаар, нам үүсгэн байгуулагч нь 801 гишүүний мэдээлэл ирүүлж байх зэрэг өөрчлөлт орууллаа.
5. Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам (САИНН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай иргэн Б.Жагарын өргөдлийг хэлэлцээд тус намыг үүсгэн байгуулах өргөдөл, түүнд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.3.7 дахь заалтуудад нийцээгүй тул мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.6-д зааснаар улс төрийн намын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв.
6. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны дарга гэх иргэн Т.Мөнхбаяраас “Ардчилсан намын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд ирүүлсэн байна. Уг хүсэлтээр “... АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр ҮБХ-ны дарга Т.Мөнхбаярыг бүртгүүлэх”-ийг хүсжээ. Мөн хүсэлттэй холбогдуулан Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнэ, Ардчилсан намын дарга гэх Х.Баттулга, Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Д.Эрдэнэсувд, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Ч.Өнөрбаяр, дэд дарга гэх Б.Гарамгайбаатар, Ц.Оюундарь, Р.Эрдэнэбүрэн, Ч.Отгочулуу, нийслэлийн намын дарга гэх Э.Бат-Үүл нар тус тус хүсэлт, тайлбарууд, Үндсэн дүрмийн хорооны дарга гэх Х.Ганболд тэргүүтэй 20 гаруй хүний гарын үсэгтэй тус хорооны тогтоолыг тус тус ирүүлсэн байна.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн талаарх намын дотоод маргаан нь шийдвэрлэгдээгүй байх тул Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д зааснаар хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
7. Улсын дээд шүүхийн танхимын бүрэлдэхүүнийг батлах асуудлыг хэлэлцээд шүүгч Г.Банзрагчийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс Захиргааны хэргийн танхимд, шүүгч С.Соёмбо-Эрдэнийг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс Эрүүгийн хэргийн танхимын бүрэлдэхүүнд тус тус батлав.