БНХАУ-аас Монгол Улсад хүмүүнлэгийн тусламж болгон өгч буй эхний ээлжийн 500 мянган амны хаалт, 3000 түргэн оношлуурыг энэ сарын 28 буюу бямба гарагт УОК-т хүлээлгэн өгөх аж. Энэ талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнтэй өнөөдөр уулзах үеэрээ мэдэгджээ. Мөн тэрбээр тус улсын Засгийн газар манай улсад хоёр дахь тусламжийг үзүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгааг мэдэгдсэн байна. Уулзалтаар талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцжээ.