ДАШТ-ий шигшээ тоглолтод Аргентин, Францын шигшээ багууд тоглохоор боллоо

оруулсан Алсын Хараа
Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ хагас шигшээ тоглолт лхагва гарагт Катарын Эль-Хаура хотын "Эль-Байт" цэнгэлдэх хүрээлэнд болж, Францын шигшээ баг Марокког 2:0 оноогоор хожлоо.
Францын шигшээ багийн зүүн жигүүрийн хагас хамгаалагч Тео Эрнандес (5 дахь минут), довтлогч Рандаль Коло-Моуани (79) нар гоол оруулжээ. Тус шигшээ багийн хаалгач, ахлагч Уго Льорис ДАШТ-нд 19 дэх тоглолтоо хийж, энэ үзүүлэлтээрээ хаалгачдын дунд Германы Мануэль Нойертэй хамт эхний байрыг эзэлж байна.
Аваргын төлөөх тоглолтод Францын баг 12 дугаар сарын 18-ны мягмар гарагт хорватчуудыг хожсон (3:0) Аргентины багтай тоглоно. Тоглолт Улаанбаатарын цагаар 23:00 цагт эхэлнэ. Харин Мароккогийн шигшээ баг 12 дугаар сарын 17-нд гуравдугаар байрын төлөөх тоглолтод Хорватын багтай учраа таарах бөгөөд тоглолт Улаанбаатарын цагаар 23:00 цагаас эхэлнэ.
Францчууд хоёр ДАШТ дараалан финалд шалгарч байгаа бөгөөд 2018 онд Москвагийн “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болсон шийдвэрлэх тоглолтод хорватчуудыг хожиж (4:2) байв.
Хоёр удаа дараалан дэлхийн аваргын цомыг Италийн баг (1934, 1938) болон бразилчууд л (1958, 1962) хүртэж байв. Францын баг дөрөв дэх удаагаа ДАШТ-ий шувтаргын тоглолтод шалгарлаа. 1998 онд нутагтаа болсон тэмцээнд францчууд шийдвэрлэх тоглолтод бразилчуудыг (3:0) хожиж байсан бол 2006 онд Германд италичуудад (1:1, торгуулийн цохилтоор 3:5) хожигдож байв.
Мароккогийн шигшээ багийн хувьд ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан Африк тивийн анхны баг болсон. Урьд нь энэ тивээс ердөө гурван баг л дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарч байв. Мароккогийн багаас гадна, Сенегалын баг 2002 онд, Гана улсын баг 2010 онд энэ шатанд шалгарсан юм.
Аргентины шигшээ баг ДАШТ-д хоёр удаа (1978, 1986) түрүүлсэн. ДАШТ-д түрүүлсэн тоогоороо Бразилын шигшээ баг (таван удаа) дээд амжилтыг эзэмшиж байгаа бол италичууд дөрвөн удаа цом хүртжээ. Уругвайн шигшээ баг хоёр удаа, Английн баг нэг удаа түрүүлсэн байна.
Д.Жаргал

Сэтгэгдэл бичих