Аргентины шигшээ баг шувтаргын тоглолтод шалгарлаа

оруулсан Алсын Хараа
Катарт болж буй хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ хагас шигшээ тоглолтод Аргентины шигшээ баг Хорватын багийг 3:0 оноогоор буулган авлаа. Тоглолт мягмар гарагт Лусаил хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болсон юм.
Хорватын шигшээ багийн хаалганд Лионель Месси (34 дэх минутад, торгуулийн цохилт), Хулиан Альварес (39, 69 дэх минутад) нар гоолджээ. 2018 онд ОХУ-д болсон тэмцээнд Аргентин, Хорватын шигшээ багууд учраа таарч, Нижний Новгород хотод болсон хэсгийн тоглолтод хорватууд (3:0) хожиж байв.
Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Месси ДАШТ-д 25 дахь тоглолтоо хийж, ДАШТ-д оролцсон тоогоор Германы Лотар Маттеусын амжилтыг давтав. Энэ удаагийн дэлхийн аварга бол Мессигийн хувьд тав дахь нь (2006, 2010, 2014, 2018, 2022) юм. Маттеус 1982, 1986, 1990, 1994, 1998 онуудад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байжээ.
Аргентины хөлбөмбөгчин мөн ДАШТ-д оруулсан гоолынхоо тоогоор шигшээ багийнхаа дээд амжилтыг эзэмшигч болжээ. Хорватчуудын хаалганд оруулсан гоол Мессигийн 11 дэх гоол байсан бол Габриэль Батистута (10 гоол) түүний араас бичигдэж байна. Энэ удаагийн тэмцээний мэргэн буучдын жагсаалтад Месси Францын тамирчин Килиан Мбаппегийн хамт эхний байрыг эзэлж байгаа бөгөөд хоёр тоглогч таван гоол оруулжээ.
Аргентины шигшээ баг зургаа дахь удаагаа (1930, 1978, 1986, 1990, 2014, 2022) ДАШТ-ий финалд тоглоно. Аргентинчууд тус тэмцээнд хоёр удаа (1978, 1986) түрүүлсэн билээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл бичих