Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн ахлагчийн хувиар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр энэ үеэр хэлэхдээ “Жагсагчдын шаардлагын дагуу нүүрсний хэрэгт холбоотой этгээдүүдийн нэрсийг зарлана гэдгээ өмнө нь хэлсэн. Гэвч цаг хугацаа шаардагдаж байна. Учир нь бид хэн нэгэн хүнийг ял завшуулж болохгүй, хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлж болохгүй. Иймд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын маргаашийн хуралдаанд оруулах гэж байна. Уг нэмэлт өөрчлөлтөөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэггүй байх, хэрэгт холбогдсон этгээдэд торгуулийн ял хүлээлгэдэггүй байх зохицуулалтыг тусгасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, УИХ-д өргөн барихаар тогтсон.
ҮАБЗ-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар яамдаас санал авч дууслаа. Төсөлд "ҮАБЗ нь аж ахуйн зориулалттай гэрээ хэлэлцээр байгуулах тал дээр Засгийн газарт даалгасан зөвлөмж гаргахгүй байна" гэсэн заалтыг тусгаж буй. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчийн компаниудын тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг өргөн барих болно. Үүний зэрэгцээ БНХАУ-ын талтай хамтарч, ХХЕГ-ын хамтын ажиллагааны хүрээнд харилцан мэдээлэл солилцохоор боллоо. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж буй АТГ, ТЕГ, ЦЕГ-ын алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн өчигдрийн байдлаар 2000 тээврийн хэрэгслийн жолооч нараас тайлбар мэдүүлэг аваад байна.
Нэрс зарлах тухайд хууль хяналтын байгууллагууд өөрсдийн шугамаар удахгүй хариу өгнө. Уг хэрэг болон хэрэгт холбоотой хүмүүсийн нэрсийг АТГ болон мөрдөн шалгах байгууллагаас өгөх байх" гэсэн юм.